sonin.mn
МОГАДИШУ. /VOA/.  Энэтхэгийн далайд газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц Пунтленд мужийн эргийн ойролцоо халдлагад өртсөн байна.
 
Эх сурвалжийн ярьснаар, нефть тээвэрлэгч уг хөлөг онгоц Арабын Нэгдсэн Эмирт улсын далбаатай явж байжээ.
Даваа гарагт болсон халдлагын нөхцөл байдлыг тодорхойлохоор бүс нутгийн албаныхан ажиллаж байна.
8 хүнтэй далайн дээрэмчдийн бүлэг уг халдлагыг үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж. Халдлагад өртсөн хөлөг онгоц “Ras Asayr” гэдэг далайн эргийн хот руу явж байжээ.
 
Сомалийн эргийн ойролцоо гардаг далайн дээрмийн хэргүүд өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрс буурсан юм. Өнгөрсөн онд далайн дээрэмчид хууль бусаар загасчилж байсан Йемен болон Ираны хөлөг онгоцуудыг дээрэмдсэн хэрэг гарсан байна.
 
Далайн дээрэм ид гаарч байсан 2010-2011 онд Сомалийн далайн дээрэмчид олон арван хөлөг онгоцонд халдаж, олон сая долларын барьцаа нэхэж байсан юм. Сомалийн хойгт гардаг далайн дээрмийн улмаас 7 тэрбум долларын хохирол учирсан ба 1000 гаруй хүн барьцаалагджээ.
НАТО, ЕХ, АНУ болон бусад улс орнуудын тэнгисийн цэргийн хүчний оролцоо, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд далайн дээрэмчдийн халдлага эрс цөөрсөн байна.
 
Сомалийн эрэг хавиар хууль бусаар загасчлах явдал ихэсч байгаагийн улмаас далайн дээрэмчдийн халдлага ихсэх хандлагатай байгаа талаар Олон улсын далай тэнгисийн байгууллагаас өнгөрсөн онд анхааруулж байжээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг