sonin.mn
ВАШИНГТОН./BBC/. 2018 онд АНУ-ын Бүгд Найрамдах намын санаачилсан эрүүл мэндийн салбарын тухай шинэ хуулийн төсөл хэрэгжиж эхлэх үед тус улсын 14 сая орчим иргэн эрүүл мэндийн даатгалгүй хоцорно. Үүнийг АНУ-ын Конгрессын Төсвийн хорооноос гаргасан судалгааны дүн харуулж байна.
 
Улмаар 2026 он гэхэд эрүүл мэндийн даатгалгүй иргэдийн тоо 24 саяд хүрэх ажээ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн тогтолцоо нь холбооны төсвийг 10 жилийн хугацаанд 337 тэрбум ам.доллараар хэмнэх аж. Уг хөтөлбөр нь одоо хэрэгжиж буй “Obamacare” хөтөлбөрийг орлох юм.
 
Одоо АНУ-ын Конгресс “Америкийн эрүүл мэндийн тусламж” гэдэг нэртэй бүгд найрамдахчуудын санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн гол онцлог нь эрүүл мэндийн даатгалыг заавал худалдан авах шаардлагыг цуцалж, татварын хөнгөлөлт бий болгож, татаасыг дахин хуваарилах явдал юм.
 
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Obamacare” хөтөлбөрийг цуцлахыг шаардаж байсан юм. “Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгал”- ын тухай хууль буюу “Obamacare” гэж нэрлэгддэг уг хөтөлбөрийг 2010 онд Ардчилсан нам Конгрессийн хоёр танхимд олонх байх үед Барак Обама санаачилж байжээ. Тухайн үед уг хуулийн төсөл Бүгд Найрамдах намын гишүүдийн зүгээс огт дэмжлэг аваагүй юм.
 
“Obamacare”-ийг дэмжигчид хэлэхдээ, уг хуулийн төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн даатгалтай болсон иргэдийн тоо 20 саяар нэмэгдсэнийг онцолж байна. Эрүүл мэндийн даатгалтай хүмүүсийн ихэнх нь улсаас татаас авдаг аж. “Obamacare” нь америкчуудыг эрүүл мэндийн даатгалтай болохыг шаарддаг бөгөөд даатгалгүй тохиолдолд жилд дунджаар 995 ам.долларын торгууль төлөх ёстой болдог.
 
Эрүүл мэндийн даатгал авах нь торгуулиас үнэтэй тусдаг тул зарим иргэд торгууль төлөхийг илүүд үздэг байна. Харин “Obamacare”-ийг эсэргүүцэгчид хэлэхдээ, төр засаг нь ямар нэгэн зүйл худалдан авахыг хүмүүсээс хүчээр шаардахыг АНУ-ын Үндсэн хуулиар хориглодог болохыг сануулдаг.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг