sonin.mn
ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд ОХУ-аас ирсэн төлөөлөгчид тус улсад 2008 оноос Тамхидалтын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой хэрхэн тэмцэж ирсэн туршлага, гарсан үр дүнгийн талаар манай хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан уулзалт зохион байгуулав.
 
Тус уулзалтыг ЭМЯ болон Фокус судалгааны төв хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-д тамхины хор уршигтай холбоотой судалгаа, аж ахуйн нэгж, байгууллагууд тамхины сурталчилгааг хэрхэн хийж, хэрэгжүүлж байгаа арга технологийн талаар танилцууллаа.
 
Энэ өдрүүдэд ОХУ-ын Төрийн Думын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлийн гишүүн Ольга Кнорре, ОХУ-ын ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Зыков нар олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн зарчмыг Монгол Улсын тамхины хяналтын тухай хуульд тусгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм.
 
ОХУ-д Тамхины хяналтын тухай хуулийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн хэрэгжилтэнд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, дэмжлэг, таниулан сурталчилах ажил чухал үүрэгтэй болохыг ОХУ-аас ирсэн мэргэжилтнүүд онцолж байв.
 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, хатагтай Ольга Кнорре, ноён Виктор Зыков нарыг хүлээн авч уулзан тамхины хяналтын эрхзүйн орчны талаар мэдээлэл солилцсон юм. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу Монгол Улсын “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсаар байгааг сайд онцлон тэмдэглэж байв.
 
ОХУ-ын мэргэжилтнүүдийн хувьд өөрийн орны туршлагаас хуваалцаж, тухайн асуудлаар манай холбогдох албаны хүмүүст дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Дашрамд дуулгахад, Монгол Улс “Тамхины хяналтын суурь конвенци”-д 2004 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийг даган гарсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2012 онд нэгдэн орсон билээ. Мөн “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 1993 онд анх боловсруулан баталж, 2005, 2012, 2015 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг