sonin.mn
АСТАНА./KAZINFORM/. Яруу найргийн хэлээр “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэгддэг дэлхийд хамгийн томд орох FAST /Five hundred meter Aperture Spherical Telescope/ дуран авайг жуулчдад үзүүлж эхэлжээ. People’s Daily China порталд мэдээлснээр, уг дуранг өдөр бүр хоёр мянган хүн үнэгүй үзэх боломжтой аж.
 
FAST нь дэлхийнХАМГИЙН САЙН мэдрэмтгий радио дуран авай гэж тооцогддог ба инженерүүдийн үзэж байгаагаар, уг дуран нь саран дээр байгаа гар утасны дохиог ч барих чадалтай ажээ. Уг дурангийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд үзэгч сонирхогчид телескопийн талбай руу орохын өмнө бүх гар утас, дижитал гэрэл зургийн болон дүрс бичлэгийн камер, “ухаалаг бугуйвч” зэргээ бүгдийг нь тайлж үлдээх ёстой.
 
Уг дуран авайг өнгөрсөн оны 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан бөгөөд одоогоор мэдэгдэж буй оддоос хоёр дахин олон тооны оддыг нээн илрүүлж чадах учраас таталцлын долгионы судалгаа, харьцангуйн ерөнхий онолын судалгаанд үсрэлт дэвшил гарна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Ойрын 2-3 жилийн хугацаанд FAST дуранг зөвхөн Хятадын эрдэмтэд ашиглах ба үүний дараа уг дуран авай дэлхийн судлаачдад нээлттэй болох ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг