sonin.mn
ВАРШАВ./VOA/. Дэлхийн II дайны үед Польшийн нэгэн тосгоны 44 оршин суугчийн амийг хөнөөж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг Польш улс АНУ-д хандан гаргах гэж байгаа тухай тус улсын Түүхийн хүрээлэн мэдээллээ.
 
“Майкл К. гэгч хүнийг 1944 онд Украины Өөрийгөө хамгаалах СС-ийн ангийн дарга байхдаа Польшийн зүүн нутагт олон хүнийг хөнөөх тушаал өгч байсан хэрэгт сэжиглэж байна. Түүний тушаалаар Владиславин, Хланёв зэрэг хэд хэдэн тосгоныг шатааж, барилгуудыг сүйтгэсэн” гэж Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэн мэдэгдсэн юм.
 
“Энэ хэрэгт бидний сэжиглэж буй гол хүн бол Майкл К. юм. Одоогоор АНУ-д оршин сууж буй энэ хүн Польшийн тосгодыг үнсэн товрог болгосон хүн мөн гэдэгт бид итгэлтэй байна. Бид цуглуулсан баримтуудад тулгуурлан түүнийг буруутгах бүрэн үндэслэлтэй” гэж Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэнг төлөөлөн шүүхэд зарга мэдүүлсэн нэхэмжлэгч Роберт Яницки “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.
 
Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэн Майкл К.-г шилжүүлэн авчрахын тулд эхний алхам болох баривчлан саатуулах эрх олгох хүсэлтийг Люблин хотын бүс нутгийн шүүхэд гаргажээ.
 
Р.Яницки нууцын тухай хуулийн дагуу Майкл К. гэгч этгээдийн овгийг хэлэхгүй байхыг хүссэн боловч түүний овог нь Майкл Каркоц, оршин суугаа газар нь АНУ-ын Миннесота муж улс гэдгийг  “Ассошиэйтэд пресс” агентлаг илчилсэн байна. Тус агентлагийн 2013 онд нийтэлсэн мэдээлэлд М.Каркоц нацистуудтай ямар холбоотой болох, АНУ руу явсан, Герман болон Польшид түүний Дэлхийн II дайны үед гүйцэтгэж байсан үйл ажиллагааг мөрдөн шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй дурджээ.
 
Харин М.Каркоцын ар гэрийнхэн нь түүнийг ямар нэгэн дайны гэмт хэрэг үйлдээгүй, өдгөө 98 настай Каркоц нь Алцгеймерийн өвчтэй гэж мэдэгдсэн байна.
"Ройтерс" агентлаг М.Каркоцоос энэ талаар ярилцлага авч чадаагүй байна. Харин Р.Яницки хэлэхдээ “Каркоц нас өндөр болсон нь мөрдөн шалгах ажиллагаанд саад болохгүй” гэжээ.
 
Б.Мишээл​
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг