sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. НАТО-гийн тэргүүн даваа гарагт тус байгууллагад багтдаг Европын орнуудад хандан "хэрвээ эвслээ хэвээр нь хадгалахыг хүсч байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шаардсаны дагуу цэргийн зардлаа нэмэгдүүлэх"-ийг уриаллаа.
 
 
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн мэдэгдсэнээр, цэргийн зардлаа нэмэгдүүлэх нь “манай байгууллагын үндэс суурь болсон Атлантын далай дамнасан харилцааг батжуулан бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” ажээ.
 
“Бараг 70 жилийн туршид Европ, Хойд Америкийн энэхүү хосгүй түншлэл нь Атлантын далайн хоёр талд энх тайван, хөгжил цэцэглэлтийг хангасаар ирсэн билээ. Энэхүү ололтыг байх л ёстой ердийн зүйл мэт үзэж болохгүй” гэж Столтенберг онцлон тэмдэглэсэн байна.
 
Дэлхийн хамгийн том цэргийн эвслийн үйл ажиллагааны жил тутмын тайланг танилцуулах үеэр Столтенберг сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, тус эвслийн гишүүн орнуудын дунд санхүүгийн ачааллыг шударгаар хуваарилдаггүй байдал урьдын хэвээр байсаар байгааг дурдлаа.
 
АНУ, Их Британи, Эстони болон өрийн дарамтанд орсон Грек, Польш нь батлан хамгаалахын зардлаа  ДНБ-ний 2 хувьд байлгах зорилтыг биелүүлдэг цөөхөн орнууд аж.
 
“НАТО-гийн орнууд энэ зорилтод хүрэх ёстой. Бүх гишүүн орнууд үүнийг дээд зэргийн түвшинд хийхээр тохиролцсон” гэж Столтенберг 2014 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн тохиролцоог сануулан дурджээ.
 
Статистикийн мэдээгээр, 2016 онд НАТО-гийн батлан хамгаалахын зардал 3,8 хувиар буюу 10 тэрбум доллароор /9,3 тэрбум евро/ өссөн бол 2015 онд энэ үзүүлэлт буурчээ.
 
“2017 онд бид өсөлтийг хангахын тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх ёстой” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ "санхүүгийн үүргээ биелүүлэхгүй байгаа холбоотнуудаа АНУ хамгаалахгүй" гэж анхааруулсан нь нэн ялангуяа Оростой хиллэдэг НАТО-гийн гишүүн орнуудыг ихэд түгшээх болсон билээ.
 
Д.Трамп саяхан Конгресст үг хэлэхдээ “илэн далангүй, маш эрчимтэй хэлэлцсэний” эцэст НАТО-гийн гишүүн орнууд өөрсдийн хувь оролцоогоо нэмэгдүүлэхээр болсон" гэжээ. “Харин одоо мөнгө гол мэт урсана гэдгийг би хэлж чадна” гэж Трамп онцолсон байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг