sonin.mn
Гадаадын баян хүний өв залгамжлагч болж сая сая ам.долларын эзэн боллоо гэж хууртдаг гэнэн, шуналтай монгол зан, бүхэл бүтэн сүлжээ компанийн хөрөнгийг гадаадаас ирүүлсэн ганц е-мэйлд хууртаж алддаг хайхрамжгүй байдал, барааг нь ч хараагүй нэгэнд нүцгэн зургаа илгээдэг бүсгүйчүүд.
 
Энэ бол өнөөдрийн Монгол Улсын цахим орчин дахь дүр зураг. Хором хормоор хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд аль эрт өвдөг сөхөрсөн. Одоо хаахна нь явааг төсөөлөхөд ч бэрх. Цахим орчинд хэнтэй хэрхэн харилцах, мэдээллийн аюулгүй байдлаа яаж хамгаалах тухай ойлголттой монгол хүн байхгүй гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг эс тооцвол.
 
Саяхан л гэхэд захын гэр хорооллын ажилгүй залуу төрийн байгууллагын мэдээллийн баазад хууль бусаар халдсан хэрэг гарлаа. Бүр цагдаагийн байгууллагын харъяа газар гээд бод доо. Сонгинохайрхан дүүрэгт суудаг нэгэн эр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт нэвтрээд жолооч нарын торгуулийг устгадаг. Түүнийхээ оронд бусдаар зуучлуулан мөнгө олдог хэргийг цагдаа нар илрүүлжээ. Гэмт этгээдийн улсад учруулсан хохирол их хэмжээнийх гэж байгаа.
 
Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэргийн тохиолдол эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагынхан онцлон ярьж байна. Цахим шуудангаар хуурамч е-мэйл хүлээж авснаа нягталж шалгалгүй их хэмжээний мөнгөө алддаг компаниуд, барааг нь ч хараагүй залууст нүцгэн зургаа илгээж дараа нь хүчирхийлэлд өртдөг бүсгүйчүүд, цахим орчны хамгаалалт, аюулгүй байдлын мэдлэггүйгээс нууц үгээ хакердуулж дарамт, сүрдүүлэгт ордог монголчуудын тоо өмнөх оныхоос эрс нэмэгджээ.
 
Ерөнхийлөгчийн цахим шууданг хакердаагүй, томоохон компанид онц их хэмжээний хохирол учруулаагүй л бол цахим гэмт хэрэг гээчийг авч хэлцэхгүй нь, Монгол Улс. Харамсалтай нь төрөл бүрээр, бага багаар энэ гэмт хэргийн аюул манай улсыг нөмөрч байна.
 
МОНГОЛЫН 28 КОМПАНИ 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АЛДЖЭЭ
 
Зөвхөн Монголд ч бус олон улсад цахим шуудангийн болон онлайн буюу интернэт орчинд үйлдэгдэж буй залилан мэхлэх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Харин манайхаас бусад улс оронд тухайн гэмт хэрэгтэй төрийн бодлогоор тэмцсээр хохирол багатай даван туулдаг жишиг тогтжээ. Харин манайд...
 
Сүүлийн гурван жилийн дотор л гэхэд цахим шуудангийн гэмт хэргийн 51 тохиолдол манай улсад бүртгэгджээ. Үүнээс 23 иргэн 860 сая төгрөгөөр, 28 байгууллага 1.7 тэрбум төгрөгөөр хохирсон байх юм. Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь хохирлоо нөхөн төлүүлэх боломж тун хомс. Манай улсын хувьд бол бүр тэг. Дээрх 1.7 тэрбум төгрөг үнсэнд булагдсантай л адил. Учир нь гэмт этгээдүүд бүгд гадаадынх.
 
Тэд голдуу импортын худалдааны байгууллагын цахим шууданд нэвтэрч хоёр байгууллагын хоорондын мэдээллийг олж авдаг. Үүнээсээ өөрт ашигтай нөхцөл байдал бүхий цахим шууданг нөгөө талд илгээх байдлаар төлбөрийг өөрсдийн дансанд шилжүүлэн авдаг гэмт хэргийн төрөл юм. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн харилцагч байгууллагын цахим хаягтай тун төстэй өөр цахим хаягнаас тус байгууллагын дансны мэдээлэл өөрчлөгдсөн тухай үнэмшилтэй шалтгаантай захидал илгээнэ. Тэгээд захидалд дурдагдсан дансанд мөнгө шилжүүлэхийг хүссэнээр гэмт үйлдэл төгсдөг.
 
ТА НЭГ САЯ ДОЛЛАРЫН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ МӨН ҮҮ?
 
Компани, иргэдийн цахим шууданг залилахаас гадна энэ төрлийн гэмт хэргийн өөр нэгэн төрөл нь интернэт худалдан авалт хийх, гар утсанд мессеж, цахим шууданд е-мэйл хэлбэрээр их хэмжээний мөнгө хожсон, өвс залгамжлагч болсон, хэн нэгэнд туслах шаардлагатай байгаа зэрэг захидал ирүүлдэг. Түүнчлэн цахим болзоо тогтоох, гадаад төслийн зээлийн санал ирэх зэргээр ч ханддаг. Харин манай монголчууд эдгээрт итгэж мөнгийг сая, саяар нь гадаад руу хэний ч үл таних нэгэн рүү илгээгээд хохирсон тохиолдлууд байна.
 
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ төрлийн 61 хэрэг үүсэн, иргэн аж ахуйн нэгжид 284.9 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ. Эдгээрээс цахим болзоо тогтоож гадаадын улс орны данс руу 56 сая төгрөг шилжүүлсэн нэг хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн бага хүүтэй гадаадын банкны зээлийн шимтгэлд 19.8 сая төгрөг залилуулсан иргэд ч байна.
 
Түүнээс гадна бидний өмнө нүүрлэж буй бас нэг аюул нь мэдээллийн нууцыг хадгалах кодын баталгаатай байдал юм. Имайл, пэйсбүүк зэрэг цахим хэрэглээнийхээ нууц кодыг өөрийн нэр, төрсөн он сар, утасны дугаар зэрэг санахад амар хэрэглээг нь бодож хийснээс зальт этгээдүүдэд ашиглуулах гол үндэслэл болж буйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
 
Ц.Очирбат: АЛБАНЫ ЦАХИМ ШУУДАНГ ОЛОН ХҮН ДУНДАА АГШИГЛАЖ БОЛОХГҮЙ
 
Итгэмтгий, ямар ч хөдөлмөр хийхгүйгээр мөнгө олно гэсэн монголчуудын сэтгэлгээ хэзээнээс бий. Бидний энэ зан дэлхий дахинаа аюулын харанга дэгдээж буй цахим гэмт хэрэгт хохирогч болоход бүр илүү түлхэц болж байна.
 
Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Очирбат “Цахим шуудангийн залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхгүй байх гол хамгаалалт бол албаны цахим шууданг олон хүн дундаа агшиглахгүй байх, нэг компьютерээр тухайн хаягт нэвтэрдэг байх, цахим хаягаа гар утастай холбуулах, харилцагч байгууллагын цахим шуудангийн хаягийг байнга нягтлах ёстой.
 
Дансны мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд заавал гар утсаар тодруулж байх, интернэт орчинд худалдан авалт хийх, татвар шимтгэл төлөх тусламж үзүүлэх зэрэг үйлдэл хийхдээ эх сурвалжийг нягтлан шалгаж мөнгөн шилжүүлэг хийх нь эрсдлээс хамгаалж чадна. Таньж мэдэхгүй фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцахгүй байх, эцэг эхчүүд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавьж, тогтмол хугацаанд тэдний харилцааг шалгах байдлаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.
 
Өөрсдийн хайхрамжгүйгээс мөнгөө алдах, дарамт сүрдүүлэгт орох гэх мэт дээр өгүүлсэн тохиолдлууд цахим гэмт хэргийн Монголд заналхийлж буй аюулын зөвхөн эхлэл хэсэг нь. Цаашлаад дэлхий дахинаа маш хурдтай шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хувьсалд монголчууд бэлтгэлтэй юу, мэргэжлийн боловсон хүчин хангалттай юу, тусгаар тогтносон улсын төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хангагдсан уу, олон нийтийн сэрддэгээр сонгуулийн хар машиныг хакердсан уу гэх зэрэг олон асуудал урган гарч байна.
 
Үргэлжлэл бий.
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин