sonin.mn
ЛОНДОН./BBC/. Бразилын Ерөнхий прокурор тус улсын улс төрчид, албан тушаалтнуудын холбогдсон авлигын хэргийг шалгахтай холбоотой олон тооны хүсэлтийг Дээд шүүхэд илгээжээ.
 
Ерөнхий прокурор Родригу Жано эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт явуулж эхлэх тухай 83 хүсэлтийг шүүхэд явуулжээ. Мөн тэрбээр авлигын хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулах тухай 211 хүсэлтийг доод шатны шүүхүүдэд илгээхийг Дээд шүүхээс хүссэн байна.
 
Ингэснээр Бразилыг цочроогоод удаж буй авлигын томоохон дуулиан улам эрчээ авч магадгүй юм.
Жаногийн эдгээр хүсэлт нь Бразилын барилгын “Oderrecht” концерны топ менежерүүд, ажилтнуудын мэдүүлэгт үндэслэжээ.
1 дүгээр сарын сүүлчээр Бразилын Дээд шүүхийн дарга Кармен Лусиа уг компанийн ажилтнуудыг авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд мөрдөн байцаах газартай тохиролцоо хэлцэл хийхийг зөвшөөрсөн юм.
 
“Oderrecht” бол Өмнөд Америкийн барилгын хамгийн том компани бөгөөд Бразилын төрийн мэдлийн газрын тос, хийн Petrobras компанийн үндсэн туслан гүйцэтгэгчээр ажилладаг ажээ. Тус компанийн ерөнхийлөгч Марселу Одебрехт-ийг 2015 оны 6 дугаар сард Petrobas компанитай холбоотой авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан юм.
 
2016 оны 3 дугаар сард Марселуд авлига авсан, мөнгө угаасан хэргээр 19 жилийн хорих ял оноожээ.
“Oderrecht” компани нь Латин Америк даяар, түүний дотор Бразилд нийтдээ 800 сая долларын авлига тараан өгсөн гэдгийг Марселу хүлээн зөвшөөрчээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг