sonin.mn
УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл он гармагц хэвлэлүүдээр гарах болсон юм.
 
Харин үүнийг МАХН-ын төв аппаратынхан үгүйсгэж, тэр бүү хэл МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Эрдэнэжамьян : "Худлаа мэдээлэл байна. Босоо Ганбаа тийм мөрөөдөлтэй гэж гарчиглавал зүйд нийцнэ." хэмээн хэлжээ. Гэхдээ МАХН бол үнэндээ Н.Энхбаярын л өмч, тус намын улс төрийн шийдвэрийг түүний гэр бүл л дангаараа гаргана, МАХН-ын аппаратынхан гэгч бол ердөө л гүйцэтгэгчид гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь нууц биш.
 
Тиймээс ч С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн цуурхал нь Н.Энхбаяраас өөрөөс нь эхтэй аж. 2017 он гарснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр АН, МАН-ын гишүүн, тэр бүү хэл нам бус, иргэний хөдөлгөөнийхөнтэй хүртэл биечлэн уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцох эсэх талаар ямар байр суурьтай байгааг нь тандаж, санал солилцсон байна.
 
Гэхдээ чухам хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэдэг нь мэдээж эцэслэгдээгүй нь тодорхой. Харин яагаад ч юм бэ? УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихээр боллоо гэсэн төлбөртэй мэдээ сүүлийн үед их гарах болжээ. Үнэндээ МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас нам харгалзахгүй, олон түмний дунд нэр хүндтэй байгаа улс төрчийг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэнээс бус тэр нь чухам хэн байх вэ? гэдэг дээр шийдээ гаргаж амжаагүй байгаа аж.
 
Учир нь МАХН-д одоо Ерөнхийлөгчид нэр дэвших насанд хүрсэн, Н.Энхбаяр, О.Цолмон нараас өөр олны танил улс төрч гэвэл зөвхөн Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж нар л үлдээд буй юм. Хэдийгээр баттай бус ч Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших эсэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, МоАХ-ы дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, дипломатч Л.Эрдэнэчулуун нартай уулзаж, санал солилцсон гэх мэдээлэл байна.
 
П.Энхмандах