sonin.mn
ЛОНДОН./Al jazeera/. Он гарснаас хойших 9 долоо хоногийн дотор Газар Дундын тэнгист амиа алдсан дүрвэгч, цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү олон байна гэж Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага /IOM/ мэдээлсэн байна.
 
Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 9 хүртэлх хугацаанд наад зах нь 521 хүн далайг гатлах гэж яваад живж нас барсан бол өнгөрсөн оны мөн үед ийм байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 471 байжээ.
 
Өнгөрсөн баасан гарагт гэхэд 4 хүн амиа алдсанаар дээрх тоо 525 болсон байна.
 
Ливиэс Италид очихын тулд Газар Дундын тэнгисийг гатлах нь маш эрсдэлтэй зам болжээ. Энэ замаар өнгөрсөн оны мөн үед Ливиэс 5273 хүн дүрвэж байсан бол энэ оны эхний байдлаар энэ тоо 13439 болж, хоёр гаруй дахин нэмэгдсэн байна.
 
IOM-ын төлөөлөгч Флавио Ди Жиамоко-гийн мэдэгдсэнээр, Ливиэс дүрвэж байгаа хүмүүсийн ихэнх нь Гвиней, Нигери, Кот-д-Ивуар, Бангладеш улсын иргэд байжээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг