sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/.  НҮБ-ын мэдээлснээр, Сомали болон бусад гурван улсад 20 гаруй сая хүн өлсгөлөн, өвчний улмаас үхэх аюулд ороод байгаа тул эдгээр улсад яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болоод байна.
 
Йемен, Өмнөд Судан, Сомали болон Нигери улсад тусламжийн гараа сунгахыг НҮБ дэлхийн улс гүрнүүдэд уриаллаа.
“Бид түүхийн нэгэн эгзэгтэй үед тулж ирээд байна. НҮБ байгуулагдсанаас хойших хугацаанд бид анх удаагаа асар том хүмүүнлэгийн хямралтай тулгараад байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Стефен О'Брайен мэдэгджээ.
 
Тэрбээр мэдэгдэлдээ “энэ цаг мөчид дөрвөн улсын 20 гаруй сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж өлбөрч үхэх эрсдэлтэй тулгараад байна. Зохион байгуулалттай хамтын хүчин чармайлт тавихгүй бол эдгээр хүмүүс зүгээр л өлбөрч үхэцгээнэ. Түүнээс ч олон хүн өвчин зовлонд нэрвэгдэж, өвчний улмаас өөд болно" гэж анхаарууллаа.
Сомалийн хүн амын талаас илүү хувь буюу 6 сая гаруй хүнд хүнсний тусламж хэрэгтэй байгаа бөгөөд ган гачиг, өлсгөлөн болон лалын хэт даврагчдын "Аль-Шабааб" бүлэглэлийн үйл ажиллагаа тус улсыг сүйрлийн ирмэгт хүргэж байна.
 
"Сомалид нөхцөл байдал маш аюултай байна. Хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж үрэгдэж байна, ундны усгүй болсон" гэж орон гэрээ орхин дүрвэгсдийн хуаранд ирсэн Могадишу хотын оршин суугч Ноор Ибрахим ярьж байна.
 
"Аль-Шабааб" бүлэглэл замуудыг хаасан учраас хүнсний тусламж хүргэх боломжгүй болжээ.
НҮБ-ын мэдээлснээр, өлсгөлөнд нэрвэгдсэн гэгдэх Өмнөд Суданы 7.5 сая хүнд тусламж шаардлагатай байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь нутаг орноосоо дүрвээд байна. Түүнээс гадна, Нигерид  120 мянга гаруй хүн,  Йеменд 7 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна" гэж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тайланд  дурджээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг