sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цэргийн баярын энэ өдрүүдээр энхийг сахиулж буй монгол цэргүүдийн гавьяат үйлсийн сайхан мэдээ сонсогдлоо. 
 
Өмнөд Судан улсад явж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэж буй ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ. Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж,  шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч чаджээ.
 
Шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв. НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг "Community Watch Group"-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан Монголын дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг юм байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг