sonin.mn
ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд  төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй ч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ хэмээн Төвбанк мэдээллээ.
 
Тодруулбал 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлэх юм байна. Харин санхүүжилтийн бусад хэсгийг  Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх аж. 
 
Шинэчлэн баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын дагуу зээлээр баталгаажсан бонд купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор орон сууцны зээлийг санхүүжүүлж байна.
 
Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлэжээ. 
 
Өнгөрөгч  сард 24.3 тэрбум төгрөг буюу 396 зээлдэгч Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг