sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Өчигдөр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу "цагаачдын асуудлаар Европын Холбоотой (ЕХ) байгуулсан гэрээгээ цуцална" гэж дахин мэдэгдлээ. 
 
“Бид ЕХ-той байгуулсан дүрвэгсдийг буцаан илгээх тухай гэрээгээ цуцалж магадгүй. ЕХ манай улсын иргэдийг визгүй зорчих асуудлыг шийдэлгүй бидний цагийг үрсэн. Одоогоор бид хууль бус цагаачдыг буцаан илгээх тухай гэрээг мөрдөхөө зогсоосон бөгөөд уг гэрээг дахин хэлэлцэж, үнэлэн хянаж байна” гэж М.Чавушоглу ярьжээ.
Өмнө нь ЕХ-той цагаачдын асуудлаар байгуулсан гэрээг дахин хянаж үзэх шаардлагатай гэдгийг Турк улсын Европын асуудал хариуцсан сайд Омер Челик дурдаж байсан юм.
 
2016 оны 3 сарын 17-18-нд болсон ЕХ-Туркийн Дээд хэмжээний уулзалтын явцад цагаачдын урсгалыг багасгах талаар гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу Туркийн нутгаас Грекийн арлууд руу дүрвэсэн хууль бус цагаачдыг Турк руу буцаах ёстой. Харин ЕХ Туркийн цагаачлалын албаар шалгагдсан, хууль ёсны статустай, холбогдох бичиг баримттай цагаачдыг шууд хүлээн авахаар тохиролцсон юм.
 
Хууль бус нэг цагаачийг дүрвэгчийн статустай нэг хүнээр солихоор тохиролцжээ. Мөн Турк улсын Болгар болон Гректэй залгаа хил дээр хамгаалалтыг чангатгах асуудлыг гэрээнд тусгасан байна.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг