sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы “Жайка” олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох юм байна.
 
 2020 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл,  эрх ашгийг хамгаалах, төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, төрийн  үйлчилгээг хүргэж буй мэргэжилтэн боловсон хүчний мэдлэгийг дээшлүүлэх аж. 2016 оны зургадугаар сараас эхэлсэн дээрх төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд хамтран амжилттай хэрэгжүүлж буй юм. 
 
Японы эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор, дэд бүтцийн хүртээмж, саадгүй орчныг бүрдүүлэх чиглэлийн мэргэжилтэн Кацухи Сато хэлэхдээ, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэхийн тулд биет саад бэрхшээлийг арилгах нь хамгийн чухал юм. Энэ утгаараа Японы төр захиргааны байгууллагууд энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орчныг тохижуулж, сайжруулахаар төрөл бүрийн арга хэмжээг авдаг. Японд явуулж буй дэд бүтцийн үнэлгээг Монгол Улс нэвтрүүлэх нь зүйтэй. Орон нутгийн Засаг захиргаа ялангуяа хотын захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжиж, хуучин барилгын засварыг хүртээмжтэй хийж, шинээр барьж буй барилгыг стандартын дагуу барихад анхаарах хэрэгтэй” хэмээн тодотгов.
 
Монгол Улсын хэмжээнд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн тойм тоо бий. Тиймээс дээрх төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж, мэдээллийн санг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийн санг бүрдүүлснээр нас хүйс, мэргэжил мэдлэгт тулгуурлан ажлын байраар хангахад дөхөм болох аж.
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг