sonin.mn
ЛОНДОН./BBC/. 3 сая орчим долларын үнэтэй “Патриот” пуужингаар дөрвөн дугуйт жижиг дроныг харван устгасан тухай АНУ-ын генерал Дэвид Перкинс мэдэгдлээ.
 
Тэрбээр Алабама муж улсад болсон "АНУ-ын армийн глобал хүчний зөвлөгөөн”-ий үеэр энэ талаар ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Amazon.com дээр 200 ам.доллараар зарагддаг дроныг “Патриот”-оор харвахад юу ч үлдэхгүй” гэлээ.
 
“Патриот” пуужин нь радарын системээр тоноглогдсон, дайсны онгоц болон баллистик пуужинг устгахад ашигладаг зэвсэг юм.
Сүүлийн үед зарим террорист бүлэглэлүүд арилжааны зориулалттай жижиг дронд зэвсэг бэхлэн хөөргөж, аюулаас хамгаалах хүчнийхний эсрэг харвах болсон талаар мэдээлэл гарах болжээ. Ийм тохиолдол Иракт гарсан байна.
 
Генерал Д.Перкинс “ийм тохиолдолд газар-агаарын ангиллын том пуужинг хамгаалалтын зорилгоор ашиглах нь эдийн засгийн хувьд оновчтой биш” гэжээ.
“Патриот” пуужинг анх 1980 онд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд АНУ, Нидерланд, Герман, Япон, Израиль, Саудын Арави зэрэг 12 орны армийн зэвсэглэлд байдаг.
Уг пуужин нь дууны хурднаас 5 дахин илүү хурдтай бол дөрвөн дугуйт дроны хурдны дээд хязгаар 80 км/цаг байдаг аж.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг