sonin.mn
Эрдэнэт үйлдвэрийг төрд авсан УИХ-ын тогтоолын зарим зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж иргэн Р.Очирбал ҮХЦ-д гомдол гаргаад байгаа билээ.
 
Хуульчид төдийгүй олон нийт, гадны хөрөнгө оруулагчид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрэв Цэц ҮХ зөрчсөн гэж шийдвэр гаргавал УИХ-аар дахин хэлэлцэнэ. Ингэхдээ, Цэцийн дүгнэлтийг үл тоож, Үндсэн хуулийн суурь зарчмыг эвдсэн шийдвэрээ дахин батлах юм бол гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд Монголын төртэй хамтран ажиллахаас цэрвэх болно. Эрх баригчид олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч байгаа ийм үед энэ мэт шийдвэр нь гадаад нэр хүндэд эрсдэлтэйг ажиглагчид сануулсаар байгаа билээ. 
 
Харин Цэцийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргавал, ҮХ-ийн үндсэн зарчим алдагдаж, энэ парламентын гишүүдийн хуулиас дээгүүр, шүүхээс урьтаж гаргадаг шийдвэрт нь хяналт тавих механизм үгүй болно гэж зарим хуульчид байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн “Цэцээс зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргаад ирвэл Эрдэнэт үйлдвэртэй ашиг сонирхлын зөрчилтэй Д.Сугар нарын цэцийн гишүүдийн лобби шууд орсныг илтгэнэ шүү” гэж нэр бүхий улстөрч хэлснийг олон нийт мартаагүй. 
 
Мөн удахгүй идэвхижих улс төрийн үйл явц энэ асуудалд шууд хамааралтайг онцолж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрнөл Цэц хэрхэн шийдвэрээ гаргахад нөлөөлж болох талтай.
 
Ямартай ч иргэн Р.Очирбалын Цэцэд үүсгэсэн маргааныг хэлэлцэж, ямар дүгнэлт гаргахыг олон нийт хүлээж байна. 
 
Ш.Даваа