sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, цагаачлалын тухай шинэ зарлигт хориг тавьсан явдал нь шүүх засаглал эрх мэдлээ урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэтрүүлсэн хэрэг боллоо гэж дүгнэжээ. Тэрбээр лхагва гарагт Теннесси муж улсын Нэшвилл хотод дэмжигчдийнхээ өмнө ингэж мэдэгдсэн байна.
 
"Энэ хориг миний бодлоор шүүх засаглал эрх мэдлээ урьд хожид байгаагүйгээр хэтрүүлсэн явдал боллоо, зарлигийг анхнаас нь л түдгэлзүүлэх ёсгүй байсан юм" гэж Д.Трамп хэлжээ.
 
Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа аж. Энэ хэрэг Дээд шүүхэд хүрэхийг тэрбээр үгүйсгэсэнгүй.
 
Хавай муж улсын Хонолулугийн Холбооны шүүхийн шүүгч Деррек Ватсон өмнө нь цагаачлалд тавих хяналтыг чангатгах тухай зарлигт хориг тавьж байсан юм.
Хавай муж улсын Ерөнхий прокурор Дуглас Чин лхагва гарагт зарлигийн үйлчлэлийг зогсоохыг шаардсан олон нийтийн байгууллагуудыг дэмжин үг хэлжээ. Эдгээр байгууллагаас гаргасан нэхэмжлэлд "уг зарлиг нь аялал жуулчлалаас хамааралтай хавайчуудыг хохироож, тус муж улсын хүн амын үндэстэн угсаатны олон төрөл байдалд хохирол учруулж байна" гэжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг