sonin.mn
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд мэдээлэл хийлээ. 
 
УИХ-ын гишүүн, Шадар сайд асан, Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төвийн тэргүүн Ц.Оюунбаатар: “Хүний эрх асар их зөрчигдөж, хөдөлмөрчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн нийгэм болжээ.
 
2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22 мянган төрийн албан хаагч ажлаас халагдсаны нэлээд нь улс төрийн эрх баригч бус намыг дэмждэг гэсэн хардлагатай холбоотой байсан.
 
Гэтэл төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оноос 2000 гаруйгаар нэмэгдсэн байна. Аль нэг нам олонх болж гарч ирснийхээ дараа төрийн жинхэнэ албан хаагчдыг олон мянгаар нь ажлаас халж, оронд нь өөрсдийнхөө сонгуульд ажилласан хүмүүсийг, танил талаа мэргэжил чадвар харгалзахгүй авчирдаг. Энэ явдлыг зогсоох ёстой. Улс төрийн хэлмэгдүүлэлт хийж, бөөнөөр нь халж, ажил амьдралгүй болгодог байдлыг зогсоох шаардлагыг хүний эрхийн байгууллагууд УИХ, Засгийн газарт тавина.
 
Мөн 1937 оны их хэлмэгдүүлэлт худал хуурмаг дээр суурилан өрнөсөн шиг нөхцөл байдал нийгэмд үүсч байна. Шударга хүмүүсийг зүйл бүрээр гүтгэдэг, хилс буруутгадаг, гүжир нэр хоч өгч тараадаг, гутаан доромжилдог, мөрдөж мөшгидөг, заналхийлдэг, эрх чөлөөнд нь халддаг явдал хавтгайрч, энгийн үзэгдэл боллоо. Ийм суурин дээр их хэлмэгдүүлэлтийг өрнүүлдэг. Гар утас тагнаж чагнахад маш их өртдөг болсон. Хүний эрх манайд нухчин дарагдаж, дэндүү их зөрчигдөж байгааг хүний эрхийн байгууллагууд хүлцэхийн аргагүй болов.
2017 оныг “Хүний эрхийн жил” болгоё. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа асуудалд монголчуудын анхаарлыг хандуулъя. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, Хөдөлмөрчдийн эрхийн төлөө тэмцэх өдөр буюу, ирэх тавдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд хөдөлмөрчдийн жагсаалыг зохион байгуулна” гэв.
 
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: Хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдсөн олон хүн манай холбоонд хандаж байна. Хөдөлмөрчид эрх ашгийнхаа төлөө хүчээ нэгтгэн тэмцэж суръя. Хүний эрхийн байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрчдийнхөө эрхийн төлөө тэмцэхээр боллоо. Мартын 8-наар үзэл бодлоо илэрхийлсэн 3 эмэгтэйг дарамталсан, БЗД-т үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг гааз, бороохой хэрэглэн хүчээр нухчин дарж, хорьж, дарамталсан, С.Зоригийн хэргийг зохиомол жүжиг болгосон гээд ноцтой зөрчлүүд ар араасаа хөвөрсөөр байна гэв.
 
Нам бусчуудын холбооны тэргүүн: Монголын насанд хүрэгчдийн 80% нь нам бусчууд. Нам бусчууд эвлэн нэгдэж, их хүч болон, эрхээ хамгаалах хэрэгтэй. Нам бусчуудын эрхийг намууд хохироож эс болно гэв.
 
Татвар төлөгчдийн холбооны тэргүүн: Гадаадаас их зээл авч, хувааж завшчихаад, татвар төлөгчдийн бүсийг чангалж төлүүлдэг жишгийг эсэргүүцэж байна. Ардын хяналтыг хаа сайгүй өрнүүлье гэв.
 
Хатан Туулыг хамгаалъя ТББ-ын тэргүүн: Монголчууд бидний эрхэм нандин шүтээн Хатан Туул аюумшигтай ихээр бохирдож байна. 3 сарын 22-ныг Усны баяр биш, хариуцлагын өдөр болгон тэмцэцгээе!  АНУ-ын ерөнхийлөгч Трамп америк хүний төлөө, америк үндэстний төлөө, Америк улсын төлөө гэсэн тууштай шугамыг баримталж, амжилт дэвшилд хүрч байна. Монголчууд нэгдэх хэрэгтэй гэв.
 
Хувиараа худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн: Бид энэ төрийн зүсэн зүйлийн хэлмэгдүүлэлт хилсдүүлэлтийн золиос болж, хохирч сүйрсээр өдий хүрлээ. Тэсэхээ байж, манай холбооны гурван эмэгтэй Мартын 8-наар талбайд үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл үүний мөрөөр ихээхэн дарамталж зовоолоо, олон нийтийн дэмжлэг байгаагүй бол юу болох байсныг бүү мэд. Үг хэлж болохоо байжээ гэв.
 
Монгол хүн Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр: Нэг үндэс угсаатай, хувь заяатай, улс гэртэй ахан дүүс гэдгээ мэдэрч мэдэхгүй байх явдал нийгэмд их байна даа. Зөвхөн би би гээд энэ нийгэм ямар их уруудан доройтоод байна? Сайн сайхан бүхний төлөө монголчууд бид нэгдэн нийлэх цаг хэдийнээ болсон. Одоо л нэгдэхгүй оройтно, сөнөнө гэв.