sonin.mn
Засгийн газрын гишүүд дүүргүүдийн үйл ажиллагаа, бодит байдалтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
 
Нийт хүн амын 53 хувь нь ажиллаж амьдарч буй Улаанбаатар хотын зарим дүүрэгт  5 аймгийн хүн амтай тэнцэхүйц иргэд оршин сууж, хөдөлмөрлөж байна гэсэн судалгаа бий.
 
Тэгвэл Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Баянгол дүүргийн гэр хорооллын болон ашиглалтын шаардлага хангахгүй  барилгын дахин төлөвлөлт, орон сууц, нийтийн аж ахуйн асуудалтай танилцаж буй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Хан-Уул дүүргийн Биокомбинат, Туул голын ай сав газар болон орчин үеийн хороолол, агаар орчны бохирдлыг бууруулах  талаар уулзалт хийж байна. Түүнчлэн Эрчим хүчний сайд П.Ганхүү Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн цахилгаан хангамж, эрчим хүчний хөнгөлөлтийн тариф, инженерийн шугам сүлжээний хүчин чадлыг өргөтгөх асуудлаар албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.
 
Харин Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж, спортын барилгын асуудал болон нийгмийн үйлчилгээний дэд бүтэц гээд салбарын яамны эрхлэх асуудлаас гадна Засгийн газрын түвшинд хэлэлцэж,яаралтай шийдэх асуудлаар иргэдтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагийн удирдлагууд уулзаж байна. 
 
Нийслэлийн  Багануур, Багахангай, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт Засгийн газрын гишүүд маргааш  ажиллана. Ийнхүү хоёр өдөр ажилласан сайдууд хотын өмнө тулгамдаж буй шийдэх асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанд нэгтгэж танилцуулах юм байна.