sonin.mn
Нурхач нэгэнтээ “Үүл нэгдвэл бороо Монгол нэгдвэл цэрэг” гэж хэлсэн байдаг. Удахгүй Монголын Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ой тохиох гэж байна. Баярын өмнөх өдрүүдэд болон чөлөөт цагаараа уншихад тохиромжтой эр цэрэг, эрэлхэг баатруудын тухай өгүүлсэн романуудыг манай сайт ийнхүү нэрлэж байна.
 
Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал
 
 
Дэлхийн 60 гаруй хэлээр орчуулагдсан энэхүү романыг зохиогч Ярослав Хашек дэлхийн нэгдүгээр дайныг бусад зохиолчдоос огт өөр өнцгөөс харсан байдаг. Тэрээр утга учиргүй, эх адаггүй харгислалыг хошин наргиантай байдлаар дүрсэлж, өнгөц харахад эх оронч хүн мэт авирлаж буй мангуу эрийн дүрээр эзэнт гүрний бодлогыг элэглэн шоолжээ. 

 

 
 
 
Тэр цаг үеийг харуулсан олон шилдэг роман байдаг ч үнэт чанарын агууламжаараа "Эрэлхэг цэрэг Швейк" шиг байх нь ховор. Чехийн зохиолч Хашек уг бүтээлээ алиа хошин романы уламжлалаар бичсэн ч, тэрхүү чиглэлд нэгэнт хэвшчихээд байсан хэв загварыг бүхлээр нь өөрчилж, баатарлаг явдал хайсан Кихот ноён, Санчо хоёроос тэс ондоо алиа салбадайг гол дүр болгон гаргаж ирсэн билээ.
 
XX дугаар зууны Өрнийн утга зохиолын ертөнцөд хамгийн олон шүүмжлэгчдийн маргаан дагуулсан дүр болох Иозеф Швейкийг цайлган мангуу, эсвэл зальжин сүйхээтний аль нь болохыг өнөө хэр эцэслэн ялгаж чадаагүй л байна. Швейк яг л хамелеон шиг, уг романыг хэн яаж харахыг хүснэ тийм дүрд нь дорхноо хувилж чаддаг ид шидтэй нэгэн. Харгис бөгөөд мунхаг ертөнц дээр Швейк хүн чанараа, сайн сайханд итгэх итгэлээ хадгалж чадсан гайхамшигтай эр. Тиймээс л түүн шиг эрэлхэг цэрэг орчлон хорвоод байхгүй гэж уншигчид үздэг билээ.
 
Цэрэг Чонкины адал явдал
 
 
Уг номын зохиогч В.Н.Войнович "Итгэл найдварын түвшин", "Хөшөөн суртаал", "Москва 2042", "38840 тоот хавтаст хэрэг", "Өөрийн хөрөг. Миний амьдралын роман" зэрэг 20 гаруй зохиол бүтээл туурвисанаас хамгийн алдартай нь энэхүү "Цэрэг Чонкин..." хэмээх гурамсан роман бөгөөд үүгээр нь Орос болон дэлхийн хэд хэдэн орнууд уран сайхны кино хийсэн байдаг. Энэхүү романаас уншигч авхай та Зөвлөлтийн нэгэн үеийн хүмүүсийн алба, амины жишээн дээр тулгуурласан, харгис хатуу үзэл суртлыг хоржоонтой хэлбэрээр бичсэнийг уншиж, тэр цагийн арчаагүй мэт үйл явдлуудын халуун мөрөөр аялах болно. Тус романы нэгдүгээр дэвтэр нь нэрт орчуулагч Ж.Нэргүйн монголчилсноор уншигчдад хүрсэн юм. Мөнхүү хоёрдугаар дэвтэр нь худалдалдаанд гарах нь тодорхой болсон бөгөөд одоогоор орчуулгын ажил хийгдэж байгаа ажээ.

 

 
 
 
Эрэлхэг тугалган цэрэг
 
 
Билгүүн номч мэргэн Б. Ринчен гуай аль 1935 онд Данийн их зохиолч Х.Андерсений үлгэрүүдээс эх хэлнээ уран тансаг хөрвүүлснээс хойш монголын хэдэн үеийн уншигчид "Нугасны муухай дэгдээхэй"-г өхөөрдөн хайрлаж, "Эрэлхэг тугалган цэрэг"-ийн нүдэнд асан дүрэлзэх зориг золбоогоор урамшиж, "Шүдэнз худалдагч охин"-той хамт шаналж, "Лусын дагина" -ын мөрөөдлийг бахархсаар иржээ. Аль 1950-иад оноос эхлэн Хүүхэлдэйн театрт түүний үлгэрээс нь сэдэвлэсэн жүжиг тавьж, Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөртөө оруулж ирсэн ба өнөөдөр ч хүүхэд залуусын заавал унших учиртай номын жагсаалтад зүй ёсоор ордог.

 

 
 
 
Час улаан дэвсгэртэй зураг
 
 
Артур Конан Дойлийн алдарт цувралыг эр цэргийн баяраар унших номуудын тоонд оруулчихад буруудах зүйлгүй. Цувралууд дундаас “Час улаан дэвсгэртэй зураг” боть нь нэн сонирхолтой. Лондонгийн жирийн нэг байрны хөлсний өрөөнд сууж цуврал аллага, нууцлаг хэрэг, дэлхий дахины дайнд ч хүргэж болохуйц асуудлыг шийдэхэд тусалдаг зөвлөх мөрдөгч, ноён Шерлок Холмс болон түүний дотны анд доктор Жон Ватсон нартай танилцахад гэмгүй. 

 

 
 
 
Мөнхийн эргэцүүлэл рүү хөтөлдөг Шерлокийн дүгнэлтүүд, гэмт хэрэгтэн нь хэн бол гэсэн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг учир битүүлэг хэргүүд, ухаалаг төдийгүй аюултай эсрэг дүрүүд гээд ёстой л нэг зүрх өндөлзүүлсэн ном бол Конаны цувралууд. Шинэхэн танил, нууцлаг хөршийгөө танин мэдэх гэсэн Доктор Ватсоны хүсэл, Шерлокийг ажиглаад гаргасан дүгнэлт зэрэг нь түүнийг нэг насных нь сайн найзтай нь танилцуулсан юм. Шерлок Холмс этгээд хэрнээ гайхалтай нэгэн. 
 
Шадар гурван цэрэг
 
 
Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван найзтай болно. Ингээд жинхэнэ адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба гуравын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд юм юм гарна. Александр Дюма уг зохиолынхоо үргэлжлэл болгон "20 жилийн хойно", "Бражелон бэйл- Арван жилийн дараа" зохиолуудаа мөн бичсэн байдаг.

 

 
 
 
Зэр зэвсэг минь баяртай
 
 
Э.Хэмингуэй 1954 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. Алдарт зохиолч маань “Нэг зохиол бичээд дуусахад хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрүүлсэн мэт хөнгөн хоосон болдог юм.
 
Тэгээд л үүний дараа дахиад нэг шинэ санаагаар ухаан бодол маань дүүрч ирэхэд дараагийн зохиолоо эхэлнэ дээ” гэж хэлсэн байдаг. Түүний “Зэр зэвсэг минь баяртай” роман ч ихэд алдартай. Тус романд Италийн армид сайн дураар алба хааж буй дэслэгч Хенри цэргийн эмнэлэгт ажилладаг Кетрин бүсгүйтэй учирдаг тухай гарна. Бүсгүй өмнө нь найман жилийн турш үерхэж, гэрлэх дээрээ тулаад байсан хайртай залуугаа дайнд алдсан байлаа.
 
Улмаар бүсгүйн сэтгэлийн шархыг Хенри нөхөж, тэд хоёр бие биедээ татагдана. Харин залуу дэслэгч нэгэн удаагийн тулаанаар тэсрэх бөмбөгт өртөж, шархдан цэргийн эмнэлэгт ирэх бөгөөд түүнийг хайртай бүсгүй нь асарч тойлсоор хөл дээр нь босгодог. Хенри цаашид тулалдах хүсэлтэй байв. Харин энэ үед Кетрин хүүхэд олсон байх бөгөөд романы гол зөрчил үүсдэг.
 
 
Тоймч Б.Алтанхуяг
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг