sonin.mn
ТОКИО./TASS/. Японы гол сөрөг хүчин болох Ардчилсан нам Батлан хамгаалахын сайд Томоми Инада-г нэн даруй огцруулахыг шаардаж байна. Энэ тухай тус намын Улс төрийн зөвлөлийн дарга Огути Хироши мэдэгдлээ.
 
“Түүнийг огцруулахыг бид шаардаж байна. Энэ хүн батлан хамгаалахын сайдад огт тохирохгүй” гэж тэрбээр хэлжээ.
Сайд Томоми Инада нь "Моритомо гакуэн" хэмээх үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага сургууль барих газрыг хэт хямд үнээр худалдан авсан гэх дуулианд холбогдсон байна. Инада 2004 онд уг байгууллагад хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлж байсан төдийгүй шүүхэд түүнийг төлөөлж байсан аж.
 
Дуулиан дэгдэх болсон шалтгааныг дурдвал, "Моритомо гакуэн" байгууллага Осака мужийн Тоёнака хотод 8770 хав.дөр.м талбай бүхий газрыг 134 сая иен буюу 1,18 сая доллароор худалдан авсан байна. Гэтэл уг газрын үнэлгээг 956 сая иенээр тогтоосон байсан бөгөөд дээрх байгууллага 7 дахин хямд үнээр худалдан авсан гэсэн үг юм.
 
Гэрээнд зааснаар "Моритомо гакуэн" уг газрыг 10 жилийн турш түрээслэхээр болжээ. Гэтэл газар дор асар их хэмжээний хог хаягдал байсан ба түүнийг устган зайлуулахад дор хаяж 800 сая иений зардал гарна гэж тооцоолоод үнийг 7 дахин хямдруулсан аж.  
 
Энэ дуулианд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ч холбогджээ. Учир нь, түүний эхнэр Акиэ Абэ шинээр барих сургуулийн хүндэт захирал болох ёстой байсан боловч хожим нь энэ саналаас татгалзжээ. Харин Шинзо Абэ өөрийгөө "Моритомо гакуэн"-тэй холбоотой гэдгийг эрс үгүйсгэн няцаасан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг