sonin.mn
Энэ ярилцлагаа “Уул, Батсүх хоёр” гэж нэрлээд бяцхан хөрөг нийтлэл биччихмээр байлаа. Гэсэн ч уншигчидтай удаан уулзаагүй эрхмийг угзчиж байж авсан жаахан ч гэсэн амьд яриа учир тэр хэлбэрээр нь хүргэхийг хичээв.
 
Бяцхан оршил хийхэд ярилцлагын зочныг маань Монголбанкны ерөнхийлөгч асан гэдгээр нь монголчууд андахгүй. Төрийн хариуцлагатай  албан тушаалыг хашиж байхдаа хэвлэлд тэр бүр ярилцлага өгч байгаагүй. Хэвлэлийнхнээс магадгүй зайгаа барьдаг ч байж мэдэх нэгэн. Харин энэ удаа түүнээс ярилцлага авах гэж багагүй хугацаанд хөөцөлдсөөр    цөөн асуултад хариулт авсан маань уулчин Гангаамаа долоон тивийн найман оргилд гарсан амжилтынхаа талаар олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлаас  эхтэй. Тэр хуралд уулчдын хамт ирсэн түүнийг харсан зарим нь “Монголбанкны Батсүх чинь уулын спортын нөхөр байна шүү дээ, сонирхолтой юм” хэмээн  ярилцаж байв.
 
Ингээд олныг үл нуршин Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүхтэй  ярилцсанаа  хүргэе.
 
-Та чинь уулын спортын хүн байна шүү дээ. Энэ спорттой хэзээнээс холбогдов?
 
-Энэ спорттой 2007 оноос холбогдсон. Тухайн үед уулын спортын домог болсон Р.Зориг гуай МУБИС-ийн зааланд  спорт авиралтын бэсрэг тэм­цээн хийх гээд орол­цооч гэсэн. Өвгөн багшийг урьж байхад очилгүй яахав, ингээд  тэм­цээний спонсороор  оролц­сон. Р.Зориг багш, уулын спортын ОУХМ Ж.Баянцагаан гуай гээд том уулчдын дэргэд анх очсон минь энэ. Бусад уулчдыг төдийлөн танихгүй хэрнээ тэр үеэс дунд нь орж ажилласан.
 
Түүнээс хойш 10 жил болчихжээ. 2012 оноос Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажилласан. 2016 оноос  холбооныхоо Удир­дах  зөвлөлийн  гишүүн болсон. Найз нөхдөдөө  би “Уулчдынхаа зараалаар ажиллаж байна. Юу  хий  гэнэ, тэрийг нь хийчих санаатай явна” гэж хэлээд явж байна даа.
 
-Уулын спорт Монголын ууган спортын төрөл гэж бүртгэгдсэн байдаг юм билээ?
 
-Тэр үнэн. Монголын уулчдын  үндэсний холбоо Монгол Улсын анхны төрийн бус байгууллага. Арвин ч түүхтэй. Монголд анх спортын мастер гэдэг цолыг бий болгоод  зургаан уулчинд өгсөн байдаг юм. Би тааж боддог юм, монголчууд билэгдлээ бодсон байх гэж. Монголчууд гэрийнхээ гаднах овооноос өгсүүлээд  хайрхан уулсаа хол  ойроос хүндэлж тахидаг. Улсынхаа спортын билэгдлийг бодож уулчдад өгсөн байж магадгүй. Боксчид аваагүй, хөнгөн атлетикчид, үндэсний бөх, сур, гар  бөмбөгийнхөн  аваагүй. Тэгээд уулчдадаа өгсөн нь өндөр амжилт билэгдсэн байж мэдэх юм. Өнөөдөр таавар асуулт гаргаад манай спортын мастеруудын  анхдагчид  хэн бэ гэвэл таах хүн гарахгүй байж мэднэ. Тэр зургаан уулчин бол үнэмлэхийнхээ дугаараар ярьдаг юм шүү дээ,  хоорондоо. Их ч эв найртай. Ийм сайхан бүл үүсээд 60 гаруй жил болжээ.
 
-Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын дэлхийд данстай уулчид төрлөө. Монголын уулын спорт  хөгжлөөрөө нэлээн дээгүүрт орно биз?
 
-Уулын спорт үнэхээр тэсрэлттэй хөгжиж байна. Монголын уулын үндэсний холбоо саяхан  Олон улсын спорт авиралтын холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Мөн Олон улсын уулын холбооны жинхэнэ гишүүн. Энэ холбооны мөсөнд авиралтын төрлийг хариуцдаг. Уулын  спортын гурван том төрөл дотроос өндөр уулын авиралтаар монголчууд дэлхийд хосгүй амжилт гаргаж байна.
 
Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн найман оргилыг эзэлсэн Монголын анхны эмэгтэй тамирчин. Улсаа дэлхийд бүртгүүлсэн дэлхийн  данстай уулчин. Дэлхийн 20-оод тамирчин Гангаамаагийн амжилтыг давтсан. Тэгэхээр дээгүүр үнэлэгдэж байгаа биз. Энэ  Монголын уулчдын оргил амжилт. Оны өмнөхөн бүртгэгдсэн. Энэ бол үе үеийн уулчдын мөрөөдөл байсан. Манай хэд хэдэн тамирчин Гималайд гарчихлаа. Дараа нь  дэлхийн долоон тивийн найман оргилыг эзэллээ. Мөрөөдөл үргэлжлээд биелээд явж байна. Нөгөө хоёр төрөл нь залуучуудтай холбоотой. Мөсөнд авиралт, спорт авиралт. Спорт авиралт 2020 оноос Токиогийн Олимпийн зуны хөтөлбөрт орсон. Үүнд манайхан одооноос бэлдэж байна. Монголчуудад их тохирсон спорт гэж үзэж байгаа.
 
Дөрвөн мөчний хөгжил, баяр сайтай, зоригтой  залууст ирээдүйтэй спортын төрөл. Мөсөнд авиралт Бээжингийн өвлийн  олимпт 2020 оноос орох магадлал 99 хувьтай байна. Тэгэхээр манай холбоо  өвөл, зуны олимпт орж байгаа ганц холбоо болж байгаа. Бусад холбоодоос хоёр дахин ачаалалтай гэсэн үг. Залуучууд нэг холбоонд олимпийн хоёр төрлөөр хичээллэх боломжтой болж байна. Бас цөөн хүн амтай улсад энэ нь таарчихсан ч юм шиг. Аль алинаар нь хичээллэж болно. Өвөл мөсөнд авиралтаар, зун спорт авиралтаар.
 
-Тэгэхээр манайхан одоо­­­ноос олимпийн  эрхийн төлөө бэлдэж эхэлсэн гэсэн үү?
 
-Бэлтгэлээ хийгээд    эхэл­чихсэн. Мөсөнд ав­рилтаар манай улс дэлхийд 36-д эрэмбэлэгдэж байна. Спорт авиралтаар  хол байгаа. Гэхдээ бид дэлхийн цом, тивийн аваргын тэмцээнд  уйгагүй оролцож байгаа. Олимпийн төрөлд орж байгаа гол хүчин зүйл нь өвөл, зуны төрлүүдээс дээшээ чиглэлд оролцдог ганц төрөл. Тэгэхээр үзэг­ч­­дэд маш сонин байх болно. Яагаад гэвэл, үзэгчдийн нүдэн дээр 5-6-хан секундэд өрсөл­дөнө. Энд хүний биед байдаг 656 булчин бүгд ажил­ладаг. Дэлхий дээр 635 сая хүн энэ спортоор хи­чээл­лэдэг. Олимпод хү­лээн зөвшөөрөгдөж, Ази тэр чигээрээ, мөстэй ч байсан, мөсгүй ч байсан бүх улс орон  бэлдэж байна.Тэгэхээр бид хүчтэй өрсөлдөгчид болно.
 
-Уулын  спорт ямар ч үзэгчгүй, хажуугаас нь хараад алгаа таших боломж байхгүй.Тэгэхээр тамирчин тэндээс юу мэдэрдэг бол гэж бодогддог юм?
 
-Манай том уулчдын ярилцлагыг уншаад үзээрэй. Ер нь бол үгээр илэрхийлж болдоггүй, зурж болдоггүй, дуулж болдоггүй нэг тийм мэдрэмж юм. Миний хувьд уулын спортыг хүн өөрийгөө ялан дийлэх, байгаль орчноо бишрэх урлаг гэж  боддог. Мөн миний ажиллаж байсан төрийн албатай адилхан ч юм шиг. Бас нэг зүйл нь Мөнх  сарьдагийн оргилд гарч нар харсан хүн хэзээ ч тэнд фосфоритын орд байгуулах талаар бодохгүй. Хамгаалах талаас л бодно. Яаж үлдээх вэ гэж. Тийшээ жилд олон зуун залуус явж байгаад  талархалтай байдаг. Гэр бүл нь, клуб нь, нийслэлийн залуучууд байгаль орчныг хам­гаалах ойлголттой болно. Тэгэхээр тэнд байгаль орчныг хамгаалах арми бүрдэж байна гэсэн үг.
 
-Аливаа спортын амжилт араасаа өсвөр үеийнхэн, залуусыг дагуулж байдаг. Сая Б.Гангаамаагийн амжилтын дараа уулын спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдсэн үү.Манайд хэр олон клуб, тамирчин, дасгалжуулагч байдаг вэ?
 
-Их гүнзгий  мэдрэмж  өргөн тархаж байна гэж бодож байгаа. Хот, хөдөө явахад олон залуус аялах, ууланд авирах сонирхолтой болсон байна. Мөсөнд авиралт, спорт авиралт яагаад ирээдүйтэй, илүү хөгжихөөр байна гэхээр аль ч спортын төрлөөс шилжиж орж ирэх боломжтой. Бокс, дугуй, жүдо, буудлага, гимнастикийн төрлүүд суурь сайтай учраас яг таарна. Хүч, хурд, тэвчээр, тэсрэлт бүх юм нь тэдэнд байгаа. 6-8 секун­дэд тамирчнаас бүх ур чадвар гарна. Тийм учраас холбооны дараагийн зорилго их спортын холбоодтой хам­тарч ажиллаж, тамирчин солилцох байгаа. Олимпод нэг төрөлд нэг л тамирчин ор­дог бол олон сайн та­мир­чин үлдэнэ шүү дээ. Тэд  манай уулын спортын төрлүүд   рүү  орж ирж мөрөөдлөө биелүүлэх бо­­ломжтой. Ялангуяа дунд жингийнхэн маш тохиромжтой.
 
-Манайд  уулын спортын төрөлд бэлтгэл хийх боломж бололцоо хэр байдаг вэ. Дэмжлэг ямар байдаг вэ?
 
-Ази, Америк,Европын улсуудтай харьцуулахад доогуур түвшинд байгаа. Үзүүлсэн дээд амжилт бол тийм ч муу биш. Азийн аварга шалгаруулах тэмцээний шагналт VI  байрыг эзэлсэн.
 
Одоогоор ави­ралтаар үзүүлсэн ам­жилт энэ. Амжилтаа ахиу­­лах  боломж бий.  Монголын уулчдын хол­боо­ноос 2016 онд Олон улсын стандартад тэнцсэн мөсөнд  авиралтын шинэ хана байгуулсан. Уулын холбоо, шигшээ багийн тамирчин байсан хүмүүс ирж сургалт хийсэн. Сайн үнэлгээ өгсөн. ОХУ-ын дотоодын аварга шал­га­руу­лах тэмцээнд манай тамирчин, дасгал­жуу­лагчдыг урьсан.
 
Хойд хөршийн дотоодын аваргын тэмцээн чансааны хувьд дээгүүрт ордог. Спорт авиралтын төрлөөр европууд тэргүүлдэг. Зарим төрөлд азийнхан илүүрх­­дэг. Индонез, солон­госчууд илүү сайн. Тэгэхээр материаллаг бааз, сайн дасгалжуулагч, гадны олон тэмцээн, уралдаанд оролцох уриатай явж байгаа. Санхүүжилтийг хувийн хэвшлээс босгоно. Аль ч улсад ийм жишигтэй. Сүүлийн үед энэ спортыг аль ч улс оронд дэмжих санаа зорилготой хүмүүс олширч байна. Манайд ч бас байдаг юм байна. Манай холбооны төсөв түүхэнд  байгаагүй хэмжээгээр  нэмэгдэж гарч ирсэн, өнгөрсөн онд. Цаашид нэмэгдэх байх. Клубууд сайн ажиллаж байна.
 
Харин мэргэжлийн өндөр түвшинд бэлт­гэгд­сэн дасгалжуулагч ховор. Хуучин хичээллэж байсан турш­лагатай тамирчид дас­галжуулагч хийж байгаа. Материаллаг бааз сайн бол болчихно л доо. Удирд­лагын шинэ баг харин менежмент дээр ажил­ладаг. Тамирчдыг санаа зовох зүйл багатай байлгахад анхаардаг. Тамирчид мөнгө хөрөнгө хүсч явах нь манай холбоонд тун бага. Өөр багууд ажилладаг учраас. Ийм байдлаар ажиллаад явж байна. Клубуудын хувьд олон. Явган аяллынх гэхэд нийслэлд 20 гаруй, уулын мэргэжлийн клуб харьцангуй цөөн. Сүүлийн үед нэмэгдэж байна. Идэвхтэй ч ажиллаж байгаа.
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин