sonin.mn
НЬЮ-ЙОРК./ТАСС/.АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаад огцорсон Майкл Флинн уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Оросын хэд хэдэн компанитай хамтран ажиллаж, тухайн компаниудаас 50 мянга гаруй доллар авсан байна. Энэ тухай “The Wall Street Journal” сонины цахим хуудсанд бичжээ.
 
Тус сонин АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Хяналт, засгийн газрын шинэчлэлийн хорооны гишүүдээс олж авсан баримтуудад үндэслэн ийм мэдээлэл цацсан байна. Тухайлбал, тэдгээр баримтуудад дурдсанаар, М.Флинн Оросын агаараар  ачаа тээвэрлэдэг нэгэн компаниас 11 мянга гаруй доллар авчээ. Мөн ийм хэмжээний мөнгийг Оросын цахим аюулгүй байдлын салбарт үйлчилгээ үзүүлдэг компаниас авсан байж магадгүй тухай тус сонинд бичжээ.
 
Эдгээр нь “Kaspersky Lab” болон агаарын тээврийн "Волга-Днепр" компаниуд болохыг нийтлэлд дурдсан байна. “Kaspersky Lab” компани 2015 оны 10 дугаар сард Вашингтонд болсон бага хурлыг ивээн тэтгэсэн бөгөөд М.Флинн уг хуралд оролцон илтгэл тавьсныхаа төлбөр болгож “Kaspersky Lab”-аас мөнгө авсан бол "Волга-Днепр" компанитай ямар байдлаар хамтран ажилласныг дурдаагүй байна.
 
Түүнээс гадна 2015 оны 12 дугаар сард Оросын “RT” телевиз өөрийн зохион байгуулсан бага хуралд оролцсоных нь төлөө М.Флиннд 34 мянган доллар өгсөн байна. Бага хурлын үеэр М.Флинн АНУ-ын гадаад бодлого болон тагнуулын үйл ажиллагааны асуудлаар үг хэлсэн аж.
 
2015 оны зун болон намар буюу АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын газрын даргын албан тушаалаа хүлээлгэн өгснийхөө дараа М.Флинн Оросын компаниудтай хамтран ажилласан байна. Тухайн үед М.Флиннд маш нууц мэдээллүүдэд нэвтрэх эрх байсныг сонины нийтлэлд онцолжээ.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг