sonin.mn
МОСКВА./TACC/. Оросын "Яндекс" интернет компани "Яндекс.Такси" үйлчилгээнд ажилладаг жолооч нарын биеийн байдлыг хянаж, ядарсан тохиолдолд ажлаа завсарлан дуудлага хүлээж авахгүй байхыг сануулдаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай “Коммерсантъ” сонинд бичжээ.
 
“Бид хэдэн сарын турш Оросын болон гадаадын төрөл бүрийн технологиудыг судалж байна. Ийм төрлийн систем нь жолоо барьж яваа хүнд ядарсан шинж тэмдэг илэрвэл завсарлага авахыг сануулж, үйлчлүүлэгчдээс ирэх дуудлагыг хязгаарладаг” гэж тус компанийн төлөөлөгч ярилаа.
 
"Яндекс.Такси" компанийн ерөнхий захирал Тигран Худавердян “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа уг төсөлд 10 сая орчим доллар зарцуулна гэдгийг дурджээ. Тэгэхдээ "Яндекс" компани нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дагнан ажилладаг "Нейроком" компанитай хамтарч магадгүй аж. Өмнө нь "Нейроком" компани “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт /НХН/ зориулан ийм төрлийн систем боловсруулж байжээ.
 
“Бид өөрсдийн боловсруулсан жолоочийн ажиллах чадварыг дэмжих системээ "Яндекс" компанид ашиглуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа” гэж "Нейроком" компанийн Хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Илья Иванов хэллээ. Түүний ярьснаар, уг хяналтын систем нь жолооч ажилдаа гарахаасаа өмнө гартаа зүүдэг тусгай бугуйвч болон автомашинд суурилуулсан хэд хэдэн хүлээн авагчаас бүрдэнэ. Бугуйвч нь хүний биеийн цахилгаан эсэргүүцлийг тодорхойлсноор жолоочийн анхаарал сарнисан зэргийг илрүүлж, эхлээд гэрлээр, дараа нь дуу авиагаар дохио өгдөг байна.
 
“Системийг диспетчерийн өрөөтэй холбох боломжтой. Ингэснээр жолоочийн биеийн байдлыг зайнаас хянаж, түүний ажлын чадвар буурсан үед диспетчерт мэдээлэл ирэх юм” гэж И.Иванов нэмж хэллээ.
 
"Яндекс.Такси" үйлчилгээ нь 2011 онд анх нэвтэрсэн бөгөөд одоогоор ОХУ-ын 30 хотод ашиглагдаж байна. Уг системд нийт 600 такси үйлчилгээний компанийн 70 мянга орчим автомашин холбогдсон байдаг аж.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг