sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Сирийн Алеппо мужийн Аль-Жина тосгон дахь сүм рүү агаараас довтолсны улмаас 40 гаруй хүн амиа алдсан байна. Америкийн зэвсэгт хүчин агаарын цохилт өгсөн гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсныг АНУ-ын эрх баригчид няцааж байгаа аж.
 
Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах төвийн дарга Рами Абдель Рахман-ы хэлснээр, аль улсынх болох нь үл мэдэгдэх нисэх онгоцууд сүм рүү дайрсны улмаас 42 хүн амь үрэгдсэн байна. Мөн 100 гаруй хүн шархаджээ.
 
Үүнтэй холбогдуулан АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлал мэдэгдэхдээ “Америкийн цэргийн хүч энэ районд агаарын цохилт өгсөн нь үнэн, гэхдээ сүм рүү дайраагүй, харин “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд цугларч байсан газарт цохилт өгсөн” гэлээ. Дайралтад өртсөн сүм нь цугларалт болж байсан газраас 15 м-ийн зайд байдаг аж. Америкийн цэргийн командлал хүмүүс алагдаж, шархадсан тухай мэдээллийг шалгана гэдгээ мэдэгдсэн байна.
Алеппо хотоос баруун зүгт 20 км-ийн зайд орших Аль-Жина тосгон нь Сирийн сөрөг хүчний отрядуудын гарт байгаа юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд Сирийн засгийн газрын цэргүүд Алеппо хотод хяналтаа тогтоосон билээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг