sonin.mn
ЛОНДОН./BBC/.Хятадын цагдаа нар тус улсын зүүн нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан 80 ширхэг өндөг хулгайлсан хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн сэжигтнийг баривчилжээ.
 
Прокурорын газрын мэдээллээр, сэжигтнүүдийн нэг болох Ван гэгч нь худалдан авагчийн дүрээр Жөзян мужид амьдардаг, чулуужсан олдвор цуглуулагчийнд очсон байна.
 
1 дүгээр сарын орой Ван гурван хамсаатныхаа хамт хулгайлсан үлэг гүрвэлийн өндөгнүүдээ аван Шанхай руу зугтжээ.  Тэд олзоо хоорондоо хувааж авсан байна.
 
Ван 27 ширхэг өндгийг аван Хар мөрөн мужид байдаг гэртээ авчирчээ. Тэдгээрийг цагдаагийнхан гэр оронд нь нэгжлэг хийн олсон байна. Цаана нь олдоогүй 50 гаруй өндөг байгаа аж.
 
Хятад болон Монгол нь чулуужсан олдворууд хамгийн ихээр олддог газар юм. Өмнөд Хятадын Хэюань хотыг “палеонтологчдын диваажин” гэж нэрлэх нь бий. Иймэрхүү олдворууд нь гадаадын цуглуулагчдад үлэг гүрвэлийн өндгийг дамлан зардаг хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг байна.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг