sonin.mn
ЛОНДОН./BBC/. Хэсэг вандалууд /соёлын үнэт зүйлсийг сүйтгэгчид/ Сахарын цөлд орших эртний хадны сүг зургийг баллаж сүйтгэсэн тухай Чад улсын Соёлын сайд мэдэгдлээ. 
 
Сайд Махамат Салех Харун ойролцоогоор 8 мянган жилийн настай хадны сүг зураг дээр орчин үеийн танхайчуудын хийсэн “уран бүтээлийг” “түүхийн төдийгүй Чадын иргэдийн дурсгалыг доромжилсон эмгэнэлт явдал” хэмээн дүгнэжээ.
 
Соёлыг сүйтгэгчид эртний хүмүүсийн уран бүтээл дээр элдэв зүйл эрээчсэнээс гадна өөрсдийн нэрээ франц, араб хэлээр сараачин бичжээ. Эл балмад үйлдлийг нутгийн залуучууд хийсэн бололтой. 
 
Эннедигийн өндөрлөг газрыг 2016 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан юм. Эндхийн агуй, хавцал, ангалуудад хүн болон амьтдын олон мянган сүг зураг байдаг ба заримыг нь чулуун дээр сийлж, заримыг нь зурсан байдаг. 
 
Хүй нэгдлийн үеийн хүмүүс Сахарыг цөл болоогүй байх үе буюу неолитын үед хадан дээр зураг зурж байжээ.
 
Учирсан хохирлыг үнэлүүлэхээр Эннедигийн өндөрлөг газар руу мэргэжилтнүүдийн багийг илгээсэн байна.
 
НҮБ-ийн соёлын асуудал эрхэлсэн төлөөлөгч Абделькерим Адум Бахарын хэлснээр, хадны сүг зургуудыг сэргээн засварлах боломжтой ажээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг