sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21 өдрийг дэлхий даяар Олон улсын ойн өдөр болгон тэмдэглэх болсон. Энэ жилийн ойн өдрийг “Ой ба Энерги” сэдвийн дор тэмдэглэж байна.
 
Энэ хүрээнд БОАЖЯ-ны санаачлагаар “Монгол орны Ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурлыг Туушин зочид буудалд зохион байгуулсан юм. Тус хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаад төсөл хөтөлбөрүүдийн 240 гаруй  төлөөлөл оролцов.
 
Ойн өдрийн талаар БОАЖЯ-ны  Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ярихдаа,“Орчин үед мод огтлоод шууд түлш болгон хэрэглэдэг арга технологи аль эрт хоцрогдсон. Гэтэл манай улсад зөвшөөрөлтэй бэлтгэж байгаа модны 80 гаруй хувийг түлшний мод эзэлж байна. Бид үндэсний баялагаа шууд үнс болгоод л өнгөрч байна гэсэн үг. Тиймээс энэ өдөр түлшинд энэ их хэмжээний мод хэрэглэхийн оронд яаж үнэтэй бүтээгдэхүүн болгож болох вэ, цаашдаа ойн баялгаас олох орлогоос орон нутгийн иргэдийг хэрхэн дэмжиж, ажлын байраар хангах вэ гэсэн энэ асуудлуудыг тойрч ярьж байна. УИХ-аас 2015 онд ойн талаар төрөөс баримтлах үндэсний бодлогыг гаргасан. Энэ бодлогын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойн тогтвортой менежментийг сууриа болгосон явдал юм . Манайх шиг өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай улс энэ менежментийг хэрэгжүүлэхийн тулд хамтын оролцоотой ойн зохицуулалтын загвараар ажиллаж байна. Энэ хүрээнд 1281 ойн нөхөрлөл, 40 гаруй ойн анги, 800 гаруй ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч онд ойн олон зорилтот үндэсний тооллого хийсэн. Манай орны ой нөхөн сэргээх чадвар сайтай ч доройтол ихтэй байгаа нь тогтоогдсон. Монгол орны ойн 80 хувь нь болц гүйцсэн хөшин модноос бүрддэг, өсөлт удаантай, цөөн зүйлийн мод зонхилж байна. Ойн мод цөөн зүйлийн, хөгшин модноос бүрдсэнээр хортон шавжид баригдах, зулзаган мод ургах боломжгүй болдог аюултай. Ойн бүс нутагт амьдардаг иргэд ойгоосоо ашиг шим авч чадахгүй зөвхөн түлээ болгон хэрэглэж байна. Мөн малаа ойд бэлчээрлүүлж байгаа нь модны ургалтыг сүйтгэх болсон. Иймээс эрүүл, ашиг өндөртэй ойг бий болгохын тулд 10 гаруй жил үргэлжлэх үндэсний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг