sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японд сакура цэцэглэх улирал эхэллээ. Токио хотын шинто шашны Ясүкүни сүм дэх Алс Дорнодын сортын интоорын модонд анхны цэцэг дэлбээлжээ.
 
Энэ оны хувьд сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа нийслэл Токио хотод сакура цэцэг өмнөд нутгуудынхаас эрт цэцэглэсэн байна. Цаг уурчдын ярьснаар, энэ жил өмнө жилийнхтэй адилаар Токиод ердийнхөөсөө таван өдрийн өмнө сакура цэцэглэжээ.
 
"Тусгай хяналтанд” байдаг модонд эхний таван цэцэг дэлбээлэх үед Токиогийн сакура цэцэглэх улирлыг албан ёсоор эхэлсэнд тооцдог аж. Цэцэг дэлбээлэх явцыг 3 дугаар сарын эхнээс бүх интоорын модны ойг хянадаг Японы цаг уур судлалын албаныхан ажигладаг байна. Тус албаны хариуцлагатай ажилтан өнөөдөр өглөө Ясүкүни сүмд очиж интоорын модны мөчир дээрх ягаан цэцгийн дэлбээг өөрийн нүдээр харснаар “Токиод сакура цэцэглэлээ” хэмээн зарлалаа.
 
Токиод бороо орж байсан тул энэ удаагийн сакура цэцэглэсэн тухай мэдээ олны баяр хөөрийг төдийлөн ихээр төрүүлсэнгүй. Гэсэн хэдий ч Японы гэрэл зурагчид цаг агаарын байдлыг үл харгалзан улс орныхоо гол сакура мод цэцэглэх мөч бүрийг хальсандаа буулгаж байна. Лхагва гараг гэхэд Японы нийслэлийг нөмөрсөн үүлс арилж, тэнгэр цэлмэх тул токиочууд болон жуулчид Ясүкүни сүм рүү сакура цэцэглэх улирал эхэлснийг харахаар очих юм.
 
3 дугаар сарын сүүлч эсвэл 4 дүгээр сарын эхээр цэцэрлэгт хүрээлэн болон ой шугуйд ягаан өнгөний бүх төрлөөр алаглах үеийг интоорын мод бүрэн цэцэглэх үе гэж тооцдог аж. Энэ өдрүүдэд цэцэрлэгт хүрээлэнгүүдэд мянга мянган хүн очиж, олноороо модны дор цайлж суудаг байна.
 
Сакура цэцэглэх улирал эхлэх өдрийг нарийн тогтоох нь бараг боломжгүй учир Японы бэлгэдэл болсон сакура цэцэг дэлбээлэхийг харахыг хүссэн жуулчдад аялалаа урт хугацаагаар төлөвлөхийг зөвлөж байна. Хэрвээ Токио болон өмнөд нутгуудад сакура цэцэглэхийг харж амжаагүй бол цэцэглэлт арай хожуу эхэлдэг Хоншю болон Хоккайдо арлуудын хойд хэсэгт очиж үзэх боломжтой.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг