sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Дурласан хүнээ болзоонд урихаар шийдсэн дундаж амьдралтай британи хүн нэг удаагийн болзоонд 129 фунт стерлинг /149 евро/ зарцуулдаг байна.
 
Энэ нь Итали, Герман, Франц зэрэг орнуудын иргэд болзоо болон дагалдах зугаа цэнгэлд зарцуулдаг мөнгөнөөс хоёр дахин их байгаа юм. Энэ мөнгөнд унааны зардал, хувцас, үс гэзэг, нүүр будалт, зугаа цэнгэл, хоол, уух юм зэргийн зардлууд багтдаг аж.
 
Европын эдийн засаг, бизнес судалгааны төвөөс /CEBR/ явуулсан судалгаагаар, дурлалын болзооноос жилд 5,89 тэрбум фунт стерлингийн /6,79 тэрбум евро/ орлого Британийн эдийн засагт ордог гэсэн тооцоог хийжээ. Британичууд хайртай хүнтэйгээ уулзахад зарцуулдаг мөнгөнийхөө тэн хагасыг /48 хувь/ баар, паб, ресторан суухад зарцуулдаг байна.
 
CEBR төв Европын хэд хэдэн оронд 9600 гаруй хүнээс, тэдний дотор Их Британид 1750 иргэнээс санал асуулга авчээ. Герман, Францад дурлалын болзоонд явж буй хүмүүс болзоо бүртээ дунджаар 53 евро, Италид 54 евро, Испанид 63 евро тус тус зарцуулдаг байна.
 
Судалгааны дүнгээс харахад, болзоонд явж буй британчуудын гол зардлын нэг нь тээврийн зардал байдаг байна. Тэд уулзах газартаа очихын тулд нийт мөнгөнийхөө 9 хувийг нь үрдэг бол Европын бусад орнуудад энэ тоо 3 хувиас хэтэрдэггүй аж.
 
Британийн болзоо үнэтэй байдгаас үүдэн дурласан хосууд нэг нэгнийхээ гэрт уулзахыг улам бүр илүүд үзэх болжээ.
 
Эцсийн эцэст бие биенээ илүү таньж мэдэхийн тулд 129 фунтээр хоол иднэ гэдэг бол мөнгөө хий дэмий үрсэн мэт зарим хүмүүст санагдаж магадгүй. Харин гэрийн нөхцөлд уулзах нь нэгдүгээрт, хямд, хоёрдугаарт, хосын харилцаа хавьгүй хурдан өрнөх нь ойлгомжтой.
 
Нэмж хэлэхэд, өнөө үед рестораны хоолыг ердөө хэдхэн минутын дотор гэрт нь хүргэдэг үйлчилгээ хүчээ авч байгаа, түүнчлэн залуу үеийнхэн онлайн орчинд амьдрах болсон зэргээс үүдээд тун удахгүй баар, ресторанууд санхүүгийн хямралд өртөж магадгүй юм.
 
 
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг