sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Европын Цөмийн судалгааны төв дэх (ЦЕРН) Их адроны хурдасгуурын (LHC) тусламжтайгаар дэд атомын шинэ бөөмсийг нээн илрүүлсэн нь атомын төвүүд хоорондоо хэрхэн холбогддогийг тайлбарлахад маш их ач холбогдолтой юм.
 
Эдгээр бөөмс нь 1994 онд илрүүлсэн “Омега-с барион” гэдэг бөөмийн төрөл хэлбэрүүд аж. Физикчид бөөмсийн янз бүрийн төрлүүд байдаг гэж таамаглаж байсан боловч ч саяхныг хүртэл тэдгээрийг илрүүлж чадаагүй байсан юм. Энэхүү нээлт нь атомын доторх бөөмсийг тогтоож байдаг “хатуу хүч”-ний учрыг олоход тус болох юм.
 
Атомын цөм нь нейтрон болон протоноос бүрддэг. Харин эдгээр нь кварк хэмээх бичил бөөмсөөс бүрддэг байна. Нейтрон, протоны доторх эдгээр бөөмсийг “дээш” (up) болон “доош” (down) гэж нэрлэдэг. Эдгээр кваркууд нь цөмийн "хатуу хүч" буюу хүчтэй харилцан үйлчлэлийн нөлөөгөөр хоорондоо холбогдож байдаг ажээ. Физикчид цөмийн хатуу хүч хэрхэн үйлчилдэг болохыг тогтоохын тулд “квантын хромодинамик” гэдэг онолыг гаргасан боловч үүнийг ашиглахын тулд маш нарийн төвөгтэй тооцоолол хийх шаардлага гардаг байна.
 
Омега-с барион нь нейтрон болон протон бөөмсүүдтэй адил нэгэнн бүлийн бөөм бөгөөд түүнийг хачин жигтэй үеэл гэж хэлж болно. Омега-с барион нь “гаж” (srtange) ба “гоё” (charm) гэдэг кваркуудаас бүрдэх ба эдгээр “UP” болон “DOWN” кваркуудын илүү хүнд жинтэй хэлбэр нь юм.
 
ЦЕРН-ийн Их адроны хурдасгуурын туршилтан дээр ажиллаж буй Шотландын Эдинбургийн их сургуулийн доктор Грейг Кован хэлэхдээ “энэхүү гайхалтай нээлт нь кваркууд хэрхэн хоорондоо холбогддогийг илрүүлэхэд тус болох юм. Түүнээс гадна зөвхөн протон, нейтроныг илүү сайн судлахад төдийгүй пентакварк, тетракварк зэрэг бөөмсийн олон кваркт түвшинг судлахад түлхэц болно” гэлээ.
 
Дээрх туршилтад оролцсон Ливерпулийн их сургуулийн профессор Тара Шийрс ярихдаа “эдгээр бөөмс олон жилийн турш бидний нүднээс нуугдсаар ирсэн бөгөөд Их адроны хурдасгуурын төгс мэдрэмжийн ачаар бидний нүдэнд өртлөө” гэв.
 
Б.Мишээл
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг