sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Францын Дотоод хэргийн сайд Брюно ле Ру авлигын дуулианд холбогдон огцрох өргөдлөө өгчээ. Түүнийг охидуудаа Францын парламентад өндөр цалинтай ажилд оруулсан гэж буруутгаж байгаа юм.
 
Өдгөө 51 настай Социалист намын гишүүн тэрбээр огцрох болсон шалтгаанаа тайлбарлахдаа, түүний охидууд ажилд орсон талаарх мөрдөн шалгалтын ажиллагаа нь засгийн газрын ажлыг унагах ёсгүй гэлээ.
 
Тус улсын Дотоод хэргийн шинэ сайдаар Маттиас Фекль-ийг томилсон байна. Тэрбээр 2014 оноос Францын Гадаад хэргийн яаманд худалдааны нарийн бичгээр ажиллаж байжээ.
 
Ле Ру охидуудаа парламентын тамгын газарт депутатын туслахаар ажилд оруулсан ба охидууд нь өндөр цалинтайгаар нэлээд хэдэн жилийн турш ажиллажээ. Сайдын охидуудад төсвөөс 60 мянга орчим долларын цалин олгосон тухай мэдээлэл гарснаас хойш сайдыг буруутгах болсон юм.
 
Ле Ру үүний хариуд хэлэхдээ, охидууд нь парламентад ажилладаг гэдгийг үгүйсгээгүй бөгөөд "гэхдээ үүнийг хуулиар хориглоогүй" гэдгийг дурджээ. Гэвч энэ дуулиан олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа тул прокурорын газар мөрдөн шалгалт явуулж эхэлжээ.
 
О.Барс
 
Эх сурвалж :"Монцамэ" агентлаг