sonin.mn
БЕРЛИН./BBC/. Террорист ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр эрэгтэй хүнийг Германы эрх баригчид тус улсын нутгаас албадан гаргахаар шийдвэрлэсэн байна.
 
Германы Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ нь Германы нутагт цагаачдын гэр бүлд төрсөн хүмүүсийг тус улсын нутаг дэвсгэрээс албадан гаргаж буй анхны тохиолдол ажээ.
 
Хоёр иргэнийг 2 дугаар сарын эхээр Германы төвийн нутгийн Геттинген хотод баривчилсан байна. Нэгнийх нь эцэг эх нь Нигери улсаас цагаачлан ирсэн бол нөгөөх нь алжир гаралтай аж.
 
Герман улсад иргэншлийг тогтоохдоо төрсөн газраар нь бус харин эцэг эхийнх нь аль нэгийнх нь, эсвэл хоёулангийнх нь иргэний харьяаллаар тогтоодог байна.  
 
Дээрх хоёр иргэнийг баривчилсныхаа дараа цагдаагийн газрын мэдэгдсэнээр, эдгээр хүмүүсийн гэрт нэгжлэг хийх үед галт зэвсэг, хүйтэн зэвсэг, сум хэрэгсэл болон “Лалын улс” бүлэглэлийн далбаа байсныг илрүүлснийг дурджээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг