sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ХҮХ-ийн дарга Р.Гончигсүрэн нар  өчигдөр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн  анги танхим, сургалт, судалгааны лаборатори, сургалтын орчин, багш нарын өрөө, номын сан, номын фондын өрөөтэй танилцлаа.
 
Уулзалтын үеэр тэнхимийн эрдэмтэн багш нартай уулзаж ажиллах орчин нөхцөл, техник тоног төхөөрөмжийн хангамж, болоод сургалт, хөтөлбөрт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
 
МУИС-д байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь шинжлэх ухааны салбаруудын хөгжиж ирсэн уламжлал, эрдмийн чадавхи туршлагад тулгуурлан, дэлхийн тэргүүлэх их сургуулиудын загвар, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ШУС-ийг 2013 онд байгуулсан юм.
 
Одоогийн байдлаар тус сургууль шинжлэх ухааны суурь чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг мэргэжлийн 19 тэнхимд 470 гаруй багш, 90 орчим ажилтан, бакалаврын түвшний 9200 гаруй оюутан, ахисан түвшний 1900 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 36 багц хөтөлбөрөөр бакалаврын, 41 хөтөлбөрөөр магистрын, 24 хөтөлбөрөөр докторын сургалт эрхэлж байна. Тус сургуульд Гадаад хэлний сургалтын төв харьяалагддаг.
 
ШУС нь өндөр хөгжилтэй улс орнуудад хөгжиж уламжлал болон тогтсон либерал арт буюу байгаль, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сургалт эрхэлж мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Оюутнууд мэргэжлийн олон чиглэлээр тус сургуульд суралцдаг бөгөөд ШУС-ийн профессор багш нар МУИС-ийн бусад бүрэлдэхүүн сургуулиудад ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг. Энэхүү ерөнхий эрдмийн хичээлүүд нь өнөөдрийн оюутан-ирээдүйн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих өргөн хүрээтэй, гүн гүнзгийн мэдлэгийн үндэс суурь болж өгдөг. ШУС-ийн санал болгож буй хөтөлбөрүүд нь оюутанд сонголт хийж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг