sonin.mn
МОСКВА./VOA/. Гурван жилийн өмнө Оросын бүрэлдэхүүнд орсон Крымын хойгт Оросын Хар тэнгисийн флот, Агаар-сансрын хүч, Агаарын десантын цэргийн /АДЦ/ өргөн хэмжээний хээрийн сургууль даваа гарагт эхэлсэн тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АДЦ-ийн командлагчийн хэлснийг иш татан мэдээллээ.
 
Командлагчийн ярьснаар, уг цэргийн сургуулилт “Опук” хээрийн сургуулийн талбайд эхэлсэн байна. Хээрийн сургуульд нийтдээ 2500 гаруй десантын цэргийн албан хаагчид, 600 гаруй нэгж байлдааны техник оролцож байна. Цэргийн хүчийг түгшүүр зарлан дайчилж, Крымд татан байрлуулжээ. Хээрийн сургууль хийх болсон нь террорист халдлагын аюул занал өсч байгаатай холбоотой ажээ.
 
Оросын десантчдын сургуулилттай зэрэгцэн Хар тэнгист Украины Тэнгисийн цэргийн хүчин, НАТО-гийн хөлөг онгоцнуудын хамтарсан сургуулилт болж байна.
 
Дашрамд дурдахад, Крымийн нутаг дэвсгэрт алсын тусгалтай зенитийн пуужингийн С-400 “Триумф” цогцолборын нэг хороог байрлуулсан байгаа төдийгүй дахин нэг хороог байрлуулахаар төлөвлөж байгаа аж. Крымын хойгт одоо Оросын 20 мянга гаруй цэрэг төвлөрчээ.
 
Десантын цэргийн сургуулилт эхлэхийн өмнө Крымд Зөвлөлтийн үеийн хаягдсан цэргийн объектуудыг сэргээн босгох ажил явагдаж байгаа, мөн шинээр тэнгисийн цэргийн бааз, радиолокацийн станц, нисэх онгоцны буудлууд барих ажил эрчимтэй явагдаж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлж байсан билээ.
 
О.Барс
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг