sonin.mn
СӨҮЛ./Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийг нь албан тушаалаасаа огцроход  хүргэсэн авлигын хэргээр байцаалт өгснийхөө дараа лхагва гарагийн өглөө эрт прокурорын газраас гарч явжээ.
 
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд 22 цагийн дараа прокурорын газрын байрнаас гарч, автомашинд суугаад гэртээ харьжээ.
 
Пак өөрийн дотны найз Чой Сүн Шилтэй нийлж,  ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан томоохон бизнес эрхлэгчдийг янз бүрийн сангуудад хандив өг хэмээн дарамталсан хэрэгт холбогдоод байгаа билээ.
 
Хатагтай Пак, Чой овогт нар гэм буруутай гэдгээ хүлээхгүй байгаа юм. Хатагтай Пак дахин байцаалтанд дуудагдах уу эсвэл түүнийг цагдан хорих талаар шүүхийн шийдвэр гаргуулах уу гэсэн үг яриаг прокурорын газар үгүйсгэсэн байна. Прокурорууд байцаалтын талаар тодорхой тайлбар хийгээгүй бөгөөд "Пак мөрдөн байцаалтын явцад хангалттай хариулт  өгсөн" гэжээ.
 
Пак прокурорын газрын үүдэнд сэтгүүлчдэд хэлэхдээ “ард түмнээсээ хүлцэл өчиж байна, мөрдөн байцаагчидтай хамтран ажиллах болно" гэжээ.
 
Түүний өмгөөлөгч Сон Бум-гю “байцаалт шөнө дунд хүртэл 14 цагийн турш үргэлжилсэн” гэдгийг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 
 
Пак хариуцлага хүлээгээгүй байгаа боловч “Samsung” группын тэргүүн Ли Жэ Ён зэрэг захирлуудаас хээл хахууль авсан нь тогтоогдвол 10-аас дээш жил шоронд хоригдож магадгүй юм.
 
Х.Сарнай
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг