sonin.mn
 
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан “Агаар, орны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулав.
 
Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, үйлдвэржилт, технологийн хоцрогдлоос шалтгаалан агаар, хөрс бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгааг танилцуулгынхаа эхэнд онцлов.
 
Д.Оюунхорол сайд, “Өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Нийслэлийн гэр хорооллын 220 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй байгаа нь ус, хөрсний бохирдлын эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Ийм Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу БОАЖЯ-ны ажлын хэсэг, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, Засгийн газраар батлууллаа. Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулах зэрэг 60 арга хэмжээг 2017-2025 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог дэмжихийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах чиглэлд тодорхой ажил хэрэгжүүлэх болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй инженерийн байгууламжийн чанар, хүртээмж сайжирч, агаар, орныг бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар бууруулна. Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглож, агаар, орны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулах юм” гэлээ.
 
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсөв, агаарын бохирдол, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламж зэргээс нийт 9.9 их наяд төгрөг зарцуулах аж. Тухайлбал, 201 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаас, 7.5 их няд төгрөгийг дотоод гадаадын хөрөнгө оруулалтаас, 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөсөн байна. Үүнээс нүүрнээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулахад 5 их наяд төгрөг, Архангай, Баянхонгор, Говь-алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд дулааны станц барихад 325 тэрбум төгрөг, Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк байгуулахад 272 тэрбум төгрөг зарцуулах аж. Түүнчлэн Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих, гурван хогийн цэгт хог дахин боловсруулах, устгах үйлдвэр байгуулах юм.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авав.
 
-Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хязгаарлахаар тусгасан байна. Гэр хорооллын өрхүүдэд халаалтын ямар шинэ шийдэл санал болгож байна вэ?
 
-Д.Оюунхорол: Түүхий нүүрсний хэрэглээг бууруулах чиглэлээр үе шаттай ажил хийж байгаа. Эхний ээлжинд эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн. Түүнчлэн Банкнуудын холбоо, Ногоон зээлийн сантай хамтран орлого багатай өрхүүдэд цахилгаан халаагчийг зээлээр олгоно. Орлогогүй, нэн дуу өрхүүдэд үнэ төлбөргүй олгох асуудлыг шийдвэрлэнэ. Үүнийг нийтийн эрх ашгийн төлөө, төрийн зохицуулалтаас зайлшгүй хийх юм.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийслэлийн 9 дүүрэгт 21 автомашинтай шалгалт хийсэн. Энэ шалгалтын дүнгээр их хэмжээний нүүрс хэрэглэдэг нам даралтын зуухууд агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж байгааг тогтоосон. Тиймээс нам даралтын зуухуудыг төвийн нэгдсэн халаалтын сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн.
 
-Ж.Батбаясгалан: Нийслэлийн Засаг дарга агаарын бохирдолтой тэмцэх гурван төрлийн захирамж гаргасан. Нэгдүгээрт, орон нутгаас Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон. 2016 оны 12 сарын 31-ны байдлаар нийслэлд 1 сая 400 мянга хүн албан ёсны бүртгэлтэй байна. Хоёрдугаарт, суурьшлын бүсийг хязгаарлалтыг тогтоосон. Гэр хорооллын иргэдийн ахуйн хэрэглээний зуух агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс Дэлхийн банкаар ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулуулсан. Энэ стандарт ирэх сарын 01-нээс хэрэгжинэ. Тиймээс гэр хорооллын өрхүүдийг Дэлхийн банкны стандартад нийцсэн зуухаар солих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тараасан зуух Монгол Улсын ахуйн хэрэгцээнд тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэр халаах зориулалттай. Хоол хийх боломжгүй. Тиймээс уг зуухыг Дэлхийн банкны стандартын дагуу ширэмийг нь солиулах зэрэг арга хэмжээг явуулна. Зуухыг төсвийн мөнгөөр тараахгүй. Харин иргэдийн эдийн засгийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулах буюу зээлээр олгох талаар Банкуудын холбоотой хамтран ажиллана.
 
-Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр ямар үр дүн гарсан бэ?
 
-Ж.Батбаясгалан: Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифад нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүний үр дүнд өнгөрсөн оны хоёрдугаар сартай харьцуулахад нүүрс хүчлийн хий, том ширхэгт тоосонцрын хэмжээ 26 хувиар буурсан байна.
 
-Стандартын шаардлага хангасан шинэ зуухыг худалдаанд гаргана гэсэн мэдээлэл гарсан?
 
-Ж.Батбаясгалан: Стандартын шаарлдага хангасан зуухны тухай мэдээллийн төвийг иргэд Нийслэлийн дөрвөн цэгээс авч болно. Эдгээр цэгийг ойрын хугацаанд Драгон төв, Зургаан буудал, Сансарын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төвд байгуулах юм. Түүнчлэн зуух худалдан авахад аль банкнаас ямар нөхцөлтэй зээл авах тухай мэдээллийг ч авч болно.
 
-Стандартын шаардлага хангасан зуухыг хаана үйлдвэрлэх вэ. Үнэ нь хэдэн төгрөг байх вэ?
 
--Ж.Батбаясгалан: Нийслэлийн гэр хороололд 210 мянга гаруй өрх байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 220 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж, 176 мянган зуух тараасан. Гэр хорооллын 20-30 хувь нь л дээрх зуухыг хэрэглэж байна. Өнгөрсөн Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг чөлөөлснөөр сайжруулсан зуух, түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон. Одоо бид дотоодод аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ чиглэлээр дотоодын зуух үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүх аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байгаа. Зуухны үнийг бид тогтохгүй. Зах зээлийн зарчмаар л явна.
 
-Өмнө нь тавьсан Хас, Дөл зэрэг зуухыг солих уу?
 
-Д.Оюунхорол: Шууд тэгж ойлгож бас болохгүй. Дээрх зуухны ширэм жижиг тул хоол хийж болдоггүй. Тиймээс стандартын шаардлага хангасан зуух худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй.
 
-Гэр хорооллын 210 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг бүрдийг нь доторлох уу?
 
-Д.Оюунхорол: Бид Азийн хөгжлийн банктай хамтран хөрсний бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх болсон. Эхний ээлжинд туршилтаар гэр хорооллын 1800 өрхийн ариун цэврийн байгууламжийг доторлоно.
 
Ч.Ариунболд
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг