sonin.mn
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эдийн засгийн гол үзүүлэлт болох инфляци 2017 оны зорилтот түвшинд хадгалагдахаар байгаа хэмээн Төвбанкнаас мэдээллээ.
 
Монголбанкнаас сар бүр гаргадаг ээлжит статистик үзүүлэлтийг өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. 
 
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци улсын хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар 2.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьтай гарсан нь хүнсний барааны инфляци 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нийслэлд инфляци 1.4 хувьтай  гарсан бөгөөд хүнсний барааны бүлгийн үнэ 1.5 хувь, хүнснээс бусад барааны бүлгийн үнэ 0.9 хувийн үзүүлэлттэй гарчээ.  Үүний 1.2 нэгж хувь нь дотоодын бараа үйлчилгээний үнийн өсөлт бол 0.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөр тодорхойлогдов. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн өсч буйг дээрх задаргаанаас харж болохоор байна. Ялангуяа махны бүлгийн үнийн өсөлт нийслэлийн инфляцид голлон нөлөөлсөн бол хүнсний ногооны үнэ  буурсан нь инфляцийг сааруулсан хэмээн Төвбанкнаас мэдээлж  байна. 
 
Харин нийгмийн анхаарлын төвд байдаг валютын ханшийн хувьд сүүлийн саруудад тогтворжсон бөгөөд хоёрдугаар сард төгрөгийн ханш бүх валютын эсрэг сулрах үзүүлэлт гарчээ. Тодруулбал нэгдүгээр сараас төгрөгийн ханш 0.3 хувиар суларсан байна. Улмаар Төвбанкны эдийн засагчид инфляци болон дотоод, гадаад үнийн түвшин тогтвортой байгаа нөхцөлд монголд үйлдвэрлэсэн бараа бүтээдэхүүнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлж буйг онцолсон юм.  Мөн валютын ханш тогтворжсоноор иргэд валютын хадгаламжаас төгрөгийн хадгаламж руу хөрвөжээ. Ингэснээр төгрөгийн хадгаламж 6.3 их наяд төгрөгт хүрсэн. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралаас болгоомжилж төгрөгийн хадгаламж өссөн хэмээн мэргэжилтнүүд тодотголоо.
 
Үүнтэй зэрэгцэн банкуудын активын хувьд өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсчээ. Үүнийг дагаад зээлийн өсөлт жилийн турш 8.1 хувьд хүрсэн байна. Хоёрдугаар сарыг  нэгдүгээр сартай харьцуулбал зээл 0.9 хувь буюу 223.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Зээлийн 19.3 хувь нь валютын зээл юм байна. Хэрэглээний болоод худалдааны зээлийн хэмжээ сүүлийн саруудад нэмэгджээ. Мөн иргэдийн анхаарлын төвд байдаг ипотекийн зээлийг хоёрдугаар сард 909 хүнд олгосон аж. Ингэснээр нийт зээлдэгчдийн тоо 89 823 болж, 58.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүний  39.6 тэрбум нь найман хувийн зээл, үлдсэн нь арилжааны банкуудын эх үүсвэрийнх юм байна. Энэ мэт өнгөрөгч хоёрдугаар сард эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой гарчээ.
 
 
 
Харин сэтгүүлчдийн сонирхсон  асуултад Төвбанкны зүгээс дараах хариултыг өглөө.
 
- Төвбанк Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгаж, гадаад өрийн дарамт буурах нөхцөл бүрдээд байхад яагаад мөнгөний бодлогын хүүг хатуу хэвээр хадгалав аа. Мөнгөний бодлогын хүүг өөрчлөөгүйн гол шалтгаан нь юу вэ?
 
-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл гуравдугаар сарын 17-ны хурлаар бодлогын хүүг хэвээр буюу 14  хувиар хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийг маш олон талаас нь хэлэлцэж шийдсэн.  Инфляци, гадаад өрийн дарамт буурсан  ч хүлээлт үүсгэсэн хүчин зүйлүүд олон бий. Тухайлбал төсвийн тодотголыг хараахан хэлэлцээгүй байна. Дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өссөн ч олон улсын шинжээчдийн гаргасан төлвөөр хэлбэлзэлтэй байх бөгөөд үүнийг долоо хоногийн өөрчлөлтөөс харж болохоор байна. Мөн Хятадын эдийн засаг сэргэж буй ч цаашид хэрхэх вэ гэдгийг ажих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын бодлого эрдэс баялгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харзнах хүлээлт үүсэхийн зэрэгцээ ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэлэлцэхийг харзнах шалтгаанаар  бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн.
 
-“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудын активт чанарын үнэлгээ өгөх компанийг Төвбанк сонгон шалгаруулна гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Монгол Улсад хэрэгжих ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд арилжааны банкуудын активт чанарын үнэлгээ өгөхөөр болсон. Үнэлгээг олон улсад нэр хүндтэй туршлагатай компаниар гүйцэтгүүлэх саналыг ОУВС-гаас тавьсан юм.  Энэ хүрээнд Монголбанк сонгон шалгаруулах ажлыг  эхлүүллээ. 2017 онд багтаж бүх арилжааны банкинд активын үнэлгээ хийнэ. Ингэснээр банкны салбарын тогтвортой байдлыг хангах цаашид хийх ажлууд тодорхой болно.
 
-Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын өрийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
 
-Өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Хөгжлийн банкны 580 сая ам. долларыг Засгийн газрын 7 жилийн хугацаатай үнэт цаасаар солих ажиллагааг амжилттай хийлээ.Энэ ажиллагаанд Хөгжлийн банкны бонд нийт эзэмшигчдийн 82 хувь нь оролцсон. Өөрөөр хэлбэл дээрх 82 хувь нь Хөгжлийн банкны бондыг 7 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасаар солихыг зөвшөөрсөн гэсэн үг юм.  Харин үлдсэн 18 хувь буюу 104 сая ам. доллартай тэнцэх хэмжээний бонд эзэмшигчид  бондын хугацааг нь дуусгаж төлбөрөө авахаар тохиролцсон. 104 сая ам. доллартай тэнцэх хэмжээний бондод Засгийн газар нэмэлтээр 7 жилийн хугацаатай үнэт цаас гаргасан байгаа. Уг бондын төлбөр тооцоо нь гуравдугаар сарын 9-ний өдөр хийгдэж Гадаад валютын улсын нөөцөд 127 сая ам. доллар орж ирсэн. Ийнхүү орж ирсэн ам. доллараас  гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.долларыг сунгахыг хүсээгүй 18 хувийн бонд эзэмшигчид 127 сая ам.доллараас буцааж авсан. Үүнийг нэгтгээд харвал Хөгжлийн банкны бондыг ЗГҮЦ-аар солих үйл ажиллагаа нь гадаад валютын улсын нөөцөд ямар нэгэн дарамт учруулаагүй. Гадаад валютын дотоодын зах зээл дээр эрэлт үүсгээгүйгээс гадна бонд солих үйл ажиллагаа хөрөнгө оруулагчдад эерэг сэдэл төрүүлсэн гэж дүгнэж болно.
 
 -“Алт-2” хөтөлбөр хэрэгжилт  ямар түвшинд байна вэ. Алт тушаалт хэр нэмэгдэв?
 
 -Монголбанкинд тушаасан алт тушаалт  өнгөрсөн хоёр сарын хугацаанд 1.5 тоннтой тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 тонн буюу 28 хувиар өслөө.
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг