Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанаа сонгогчдын нэрсийг давхардуулж, сонгууль будлиантуулсантай холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас шалгагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Гол нь түүнийг сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогчдын нууцын зэрэглэлтэй баримтуудыг хууль бусаар ашигласан хэмээн үзэж байгаа. Л.Амарсанаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдох үеэс л шуугиан дэгдээж, олны амны бай болсон.

 

Л.Амарсанааг төрийн нууц задруулсан үйлдэл хийсэн хэмээн Тагнуулын ерөнхий газраас шалгасан. Энэ хэрэгтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж Л.Амарсанаа дарга ажиллаж байх хугацаандаа тухайн байгууллагыг хэрхэн авч явсан, хамт олондоо хэр үнэлэгддэг байсныг тодрууллаа.



Л.Амарсанаа иргэдийн бичиг баримтыг мөөгөнцөрдсөн хонгилд хадгалуулсан

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын, Тамгын газрын дарга Ч.Чанлуулодойн хэлж буйгаар Л.Амарсанаа дарга өмнө нь яам, агентлагуудад ажиллаж байсан тул нэг ёсондоо Улс төрийн зорилгоор тус газарт удирдлагаар орж ирсэн. Түүний хийсэн хууль бус үйлдлүүдийг шүүх хуулийн байгууллагууд үнэн зөвөөр нь тогтоох биз. Миний хувьд ойр дотно хамтарч ажиллаж байгаагүй тул зарим зүйлийг сайн мэдэхгүй.

 

Харин Л.Амарсанаа ажиллаж байх хугацаандаа төв дээр төвлөрч байсан иргэдийн эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн архивыг дөрвөн дүүрэгт шилжүүлэн    тараан байрлуулсан. Ингэхдээ архивын бичиг баримтуудыг орон сууцны хонгилд хадгалсанаас болж иргэдийн бичиг     сүйдэхэд хүрээд байгаа. Чийгтэй, мөөгөнцөрдсөн газарт иргэдийн бичиг баримтыг хадгалж байсан нь үнэн. Түүнчлэн иргэд зээл авахын тулд дөрвөн дүүргийн архив орж цөөнгүй бэрхшээлтэй тулгарч байна” гэв.



Л.Амарсанаа 28 ажилтантай агентлагаас хоёрыг нь л үлдээсэн


Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим ажилтнуудын хэлж буйгаар “УИХ-ын сонгуулийн ажилтай холбогдуулан албан хаагчдаа үүрэгт ажлаас нь халж, сольж байсан. Сонгуулийн дараа зарим иргэд өөрсдийгөө амьдарч байсан газраас нь хууль бусаар шилжүүлсэн гэдгийг мэдээд манайд ирж гомдол гаргаж байсан удаатай. Л.Амарсанаа дарга "Эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн хэлтэс”, “Эд хөрөнгийн бусад эрхтэй холбогдсон бүртгэлийн хэлтэс”-д ажиллаж байсан. Албан хаагчдыг эрх мэдлээ ашиглан дүүргүүдэд тараасан. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн агентлагийг тараасан. Нэг агентлагт 28 ажилтан байсан. Гэтэл хоёр ажилтан үлдээгээд бусдыг нь өөр дүүрэг рүү шилжүүлсэн” гэв.



Шүүхэд шилжсэн Л.Амарсанаагийн хэрэг нотлогдвол таваас арван жилийн ял сонсоно

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанаагийнн хэрэг одоо шүүхэд шилжээд байгаа. Тэрээр мянга гаруй хүний нэрийг давхардуулан бичихдээ регистрийн дугаарыг зөрүүлэх, овог нэрийг нь өөрчлөх байдлаар иргэдийн мэдээллийг ашиглаж сонгуулийг будлиантуулсан хэрэгт холбогдоод байгаа юм. Дээрх хэргийг мөрдөн шалгасны дараа, прокурор хянуулж шүүхэд шилжүүлсэн юм. Түүнчлэн хууль шүүхийн байгууллагаар Л.Амарсанааг сонгуульд иргэдийн бичиг баримтыг хууль бусаар ашигласан гэдэг нь нотлогдвол энэ хэрэгт доод тал нь таваас арван жилийн ял оноодог хуулийн заалт байдаг аж.

Иргэн бүр цахим үнэмлэхтэй болох тул Орон нутгийн сонгууль будлиантахгүй


Орон нутгийн сонгууль болох хугацаа ойртож байгаа. Үүнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын сонгуультай холбоотой бэлтгэл ажил хэр хангагдсан талаар мэргэжилтнүүдээс лавлав. Тэдний хэлж буйгаар сонгогчдын нэрсийг хэсгийн хороонд байршуулжээ. Харин хэсгийн хороодоо байгуулаагүй хэд хэдэн газар бий гэнэ. Тухайлбал, Увс Хөвсгөл, Баянхонгор аймаг хэсгийн хороодоо байгуулаагүй. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргүүд хэсгийн хороогоо байгуулаагүй аж. Уг нь хуулиараа энэ сарын 28-ны дотор байгуулсан байх ёстой аж. Цахим үнэмлэх одоогоор 20 аймагт бүрэн тараагдсан байна. Өвөрхангай аймагт ирэх даваа гаригт хүргүүлэх аж. Нийслэлийн иргэдийн цахим үнэмлэх ер нь бэлэн болсон аж. Харин иргэд очиж авахгүй байгаа гэнэ. Сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно. Үүнээс өмнө цахим үнэмлэхээ оочер дугаар үүсэхээс өмнө авах хэрэгтэйг УБЕГ-аас сануулж байна. Түүнчлэн хүүхдийн мөнгийг зөвхөн цахим үнэмлэхээр олгоно гэдгийг онцолсон. Монгол Улсын иргэд орон нутгийн сонгуульд зөвхөн цахим үнэмлэхээр саналаа өгнө. Тиймээс сонгууль будлиангүй явагдана гэлээ.


Л.Алтанхишиг
Эх сурвалж:”Нийслэл Таймс”