УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр Н.Энхбаяр даргатай Монгол Ардын Хувьсгалт Намаас ганцхан Орхон аймагт нэр дэвшсэн О.Баасанхүү л ялалт байгуулж, тус нам парламентад суудалтай болсон билээ. Ингэснээр МАХН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцох эрхтэй болсон юм. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын парламент дахь цор ганц төлөөлөл О.Баасанхүү нар 2016 оны намраас хойш төдий л уялдаа холбоо муутай ажиллаж ирсэн төдийгүй одоо бол бүр зөрчилдөх болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн намраас эхлэн МАХН-ын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж, УИХ-ын 2016 оны сонгуульд амжилтгүй оролцсонтой холбоотойгоор намын удирдлагуудад хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг гаргаж байсан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд УИХ-ын сонгуулийн үр дүнд гадны маш олон нөхцөл хүчин зүйл нөлөөсөн тул намын удирдлагад хариуцлага тооцох шаардлаггүй гэж үзсэн юм. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өөрөө нэр дэвшихийг хүсэж буй бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү огт өөр саналтай байгаа аж. Тодруулбал гадаад бодлогын чиглэлээр илүү мэргэшсэн, сүүлийн 10 гаруй жил улс төрийн амьдралд тэргүүлэх байр суурьтай оролцож байгаагүй хүнийг МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь зөв гэж үзэж буй юм байна. Тэр бүү хэл Гадаад Харилцааны Сайд асан Л.Эрдэнэчулуун гэх мэт хүний нэр хүртэл бэлэн болгосон гэнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар санал зөрөлдөх болсон нь тун ээдрээтэй асуудлыг дагуулж магадгүй бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнд ч нөлөөлж мэдэх юм. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарвал МАХН Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэн оролцох боломжгүй болно.
 
П.Энхмандах