sonin.mn
БЕЛГРАД./TASS/. Ерөнхий сайд Александар Вучич 4 дүгээр сарын 2-нд болсон Сербийн Ерөнхийлөгчийн сонгуульд 55,08 хувийн санал авснаар ялалт байгууллаа. Сонгуулийн эцсийн дүнг тус улсын Сонгуулийн комисс баталгаажуулжээ. Ингэснээр А.Вучич албан ёсоор Сербийн тавдахь ерөнхийлөгч боллоо.
 
“Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнгээр эрх баригч эвслээс нэр дэвшигч Александар Вучич 55,08 хувийн санал авлаа” гэж Сонгуулийн комиссын мэдээлэлд дурджээ.
 
Тус комиссын мэдээлснээр, сонгуулийн ирц 54,36 хувь байсан ба санал хураалтын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй байна.
 
Сербийн Ерөнхийлөгч таван жилийн хугацаагаар хоёр удаа сонгогддог. Төрийн тэргүүн ихэнхдээ төлөөлөх үүргийг гүйцэтгэдэг ажээ. Тодруулбал, улс орноо гадаадад төлөөлөх, парламентад Ерөнхий сайдын нэрийг оруулах, хуульд хориг тавих, элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах, өршөөл үзүүлэх, шагнал гардуулахын зэрэгцээ зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг байна.
 
О.Барс
Эх сурвалж :Монцамэ агентлаг