НҮБ-ын энхийг сахиулагчид агаарын тээврийн зардлаа хэмнэнэ

Нийтэлсэн: 2017-04-21 15:56:25

НҮБ./TASS/.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тус байгууллагын энхийг сахиулах хүчнийхэнд үзүүлж буй агаарын тээврийн үйлчилгээг хатуу хэмнэлтийн горимд шилжүүлжээ.
 
Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлснээр, энэхүү шинэ санаачилгын зорилго нь жилд 750 сая долларын зардал гаргадаг НҮБ-ын нисэх онгоц, нисдэг тэрэгний паркийн зардлыг багасгах явдал юм.
 
Одоогийн байдлаар тус байгууллагын агаарын тээврийн парк 58 нисэх онгоц, 157 нисдэг тэрэгтэй бөгөөд тэдгээрийг энхийг сахиулах 12 ажиллагаа, улс төрийн 6 тусгай ажиллагаанд ашигладаг байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг НҮБ-ын гол гэрээт гүйцэтгэгч болох ОХУ болон бусад орнууд нийлүүлдэг байна.
 
“Хэдийгээр нисэх онгоцууд нь логистикт чухал боловч тэдгээрийн ашиглалтын зардал өндөр байгаа учраас зардлыг бууруулах боломжийг судлах үүргийг Ерөнхий нарийн бичгийн дарга өгсөн” гэдгийг С.Дюжаррик дурдав.
 
Түүний ярьснаар, одоогийн байдлаар нарийн бичгийн дарга нарын газар хөрөнгө нөөцийг хэрхэн зарцуулж байгааг шалгаж байна. А.Гуттериш зорчигч тээвэрлэлтийг боломжит хамгийн бага түвшинд хүртэл бууруулах, түүнчлэн “ашиглаж буй нисэх онгоцнуудын тоог хорогдуулахын тулд нислэгийн хуваарийг дахин нягтлах”-ыг үүрэгджээ. “Тусгай нислэгүүдийг гарцаагүй тохиолдолд л хийх ёстой” хэмээн НҮБ-ын тэргүүн хэлсэн байна.
 
Жилд 5,4 тэрбум долларын хэмжээтэй НҮБ-ын төсвийг бүрдүүлдэг, мөн энхийг сахиулах хүчний 8 тэрбум долларын зардлыг гаргадаг гишүүн орнуудын зүгээс НҮБ-д тавьж буй шаардлага улам хүчтэй болж байна. НҮБ-ын төсвийг бүрдүүлэгч гол орон бол АНУ бөгөөд Вашингтоны шинэ засаг захиргаа нөхцөл байдлыг өөрчлөх бодолтой байна. Тус улс НҮБ-ын болон түүний хөтөлбөрүүдийн санхүүжилтэд олгодог мөнгөө 1 тэрбум гаруй доллароор танахаар зэхэж байгаа аж.
 
Өмнө нь Антониу Гуттериш Америкийн эрх баригчдад хандан НҮБ-ын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Үүнээс гадна, тэрбээр Ерөнхий нарийн бичгийн албан тушаалд орсон даруйдаа энхийг сахиулах үйл ажиллагаанд шинэчлэл хийхээ мэдэгдэж, тусгай комисс байгуулсан бөгөөд тус комисс ирэх 6 дугаар сард дээрх асуудлаар зөвлөмж боловсруулан гаргах юм. 
 
О.Барс
Эх сурвалж :Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: