sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 
 
Ерөнхий сайдын мэдээллийн дараа цөөнхийн бүлгийн гишүүд зарим асуудлыг тодруулсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Малын гоц халдварт өвчин гарахад их хэмжээний мөнгө зарцуулж байна. Иймээс өвчин гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Манай улсын орлогын найдвартай эх үүсвэр бол МАА. Малын түүхий эд, махаа экспортлоё гэвэл малаа эрүүлжүүлэх хэрэгтэй.
 
Одоогийн хууль эрх зүйн орчны хүрээнд малын өвчин гарч, улмаар хорогдол гарсан тохиолдолд төр малчдад нөхөн олговор олгож байгаа. Иймээс цаашид малчин давхар хариуцлага хүлээдэг болно. Мөн энэ талын хөрш орны туршлагыг нэвтрүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Цаашдаа мал эрүүлжүүлэх, малын бүтээгдэхүүнээ экспортлох болно. Ялангуяа мал эрүүлжүүлэх бүс нутгийг заавал шаардлагатай. Энэ бүсээсээ малаа хилээр гаргадаг болох хэрэгтэй. Үүний зэрэгцээ Ази, Европын хэрэглэгчид өөр өөр шаардлага тавьдаг. Тиймээс одоогийн махны үйлдвэрүүд тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гаргадаг болоход ажлаа чиглүүлж байна” гэсэн хариултыг өглөө.
 
УИХ-ын гишүүн Л.Болд, “Өнөөдөр газар тариалан, МАА чухал. Хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа асуудлыг түлхүү яриасай” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Агуулах шинээр барих уу. Экологийн бүтээгдэхүүний брэндийг бий болгох хэрэгтэй. Мөн малын эм бэлдмэлийн асуудал дээр салбарын яам хэр хяналт тавьж ажиллаж байна вэ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү. Эрдэнэтийн газар нутгийн асуудал дээр эргэн нэг хараач ээ. Тэгэхгүй бол Эрдэнэтэд тариалалт явуулах газаргүй байгаа шүү” гэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Малын эрүүл бүс байгуулаад түүнээсээ малаа экспорлодог болох нь зөв юм гэж түрүүнд би хэлсэн” гэсэн хариултыг өгсөн.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Өнөөдөр том монополь компаниуд жижгүүдээ залгисан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Сэлэнгэ үр тарианы орон. Түшиг, Цагааннуур, Шаамарын замын концессийг цуцалсан байна. Тэндээс зөөвөрлөх үр тариа, төмс хүнсний ногоог цаг хугацаанд нь зөөвөрлөх шаардлагатай. Үүнийг яаж шийдэх бололцоо байна вэ. Мөн өнөөдөр газар тариаланд мэргэжлийн боловсон хүчин байхгүйг болж байгааг бодож ажиллаарай” гэхэд салбарын сайд П.Сэргэлэн, “Монополь компаниуд орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг болох тухайд асуулаа. Ер нь жижиг компаниуд том компаниудтай нэгдэж байна. Энэ бол зах зээлийн шалгуур. Томорч тэлснээр сайн үр тариа авах бололцоотой болдог” гэсэн юм.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, “Эдийн засгийн нөхцөл байдлаа харахад концессийн гэрээ байгуулсан, ажил нь эхэлсэн ажлуудыг хөдөлгөчихөөд байгаа. Д.Эрдэнэбат гишүүний ярьсан замын асуудлыг одоогоор түр хойшлуулаад байгаа" гэсэн нэмэлт тайлбар хийв.
 
УИХ-ын гишүүн Д.Мурат, “Баруун аймаг руу вакцин явуулахдаа зориулалтын тоног төхөөрөмжтэй машинаар хүргүүлдэг болмоор байна. Мөн урдаас хүнсний ногоо оруулдаггүй байж болохгүй юм уу. Мал вакцинжуулсны дараа сарын дотор нядалж болдоггүй. Гэтэл зах зээл дээр зарж борлуулж байгаа малыг хэзээ вакцинжуулсан нь тодорхойгүй байгаа шүү” гэсэх салбарын сайд П.Сэргэлэн, "Биокомбинатаас зориулалтын машинаар Баян-Өлгий аймаг руу вакцин хүргүүлж байгаа. Манай тариалчинчид хүнсний ногооны 50-60 хувийг өөрсдөө хангаж байгаа. Удахгүй бид 100 өөрөө өөрсдийгөө хангадаг болно. Малын эмч нар вакцинаа хийчихээд хэдэн өдрийн дараа мал гаргаж болох тухай заавараа малчдад өгдөг. Энэ бол цэвэр малчдын ухамсарын асуудал. Энэ тал дээр ухуулга таниулга хийе” хэмээв.
 
Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөлөө.
 
Б.Туул 
Эх сурвалж : Монцамэ агентлаг