Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээр тодорсон МоАХ-ы дарга Х.Баттулга өчигдөр СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн билээ . Тэрбээр намынхаа дүрмийн дагуу хоёр шатны шалгаруулалтад оролцож, 96.6 хувийн саналаар сонгуульд  Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон юм.
 
Сонгуулийн Ерөнхий Хороонд материалаа өгснийхөө дараа Х.Баттулга : "Өнөөдөр хуулийн хугацаанд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй миний бие бусад журмын нөхдийн хамт бичиг баримтаа бүрдүүлэн өгч, бүртгүүллээ. Бүртгэж аваад, сонгууль амжилттай явагдах байх гэж бодож байна” гэв. Тэгвэл мөн л өчигдрөөс эхлэн түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж буй гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байж мэднэ гэсэн яриа улс төрийн хүрээнд гараад байна. Энэ тохиолдолд намын дотоод сунгаанд авсан саналынхаа тоогоор хоёрт жагсаж буй Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн хувилбар бий бол мөн АН Х.Баттулгыг дэвшүүлнэ гэсэн шийдвэртээ баттай зогсож, өргөн хэмжээний эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь зэв гэсэн санал ч бий ажээ. Сонгуулийн Ерөнхий Хороо М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарыг Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх шийдвэрээ энэ сарын 15-нд гаргах юм.
 
П.Энхмандах