sonin.mn
Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.
 
Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл  ял  шийтгүүлж  байсан  бол  ялгүй  болсон  буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм. 
 
Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна.
 
Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн  бололтой.
 
 
Гэтэл АН-ыг засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Энхбаяр мөн л нэр дэвшинэ хэмээсэн ч шүүхээс ялын хугацаа дуусаагүй гэдэг шийдвэр гарч, мултарч байсан ч цамнаж, цуглаж, жагсалгүйгээр нам гүмхэн эхнэр О.Цолмонгоо дэвшүүлснээр өндөрлөж байлаа. 
 
Түүх сөхвөл, тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 31-нд Сонгуулийн Ерөнхий хороо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Технологийн төвөөс 105 тоотоор Н.Энхбаярыг ял шийтгэлтэй эсэх дээр лавлагаа хүссэн байдаг. Үүний хариуд 1055 тоот лавлагаагаар "... Тус санд шилжүүлсэн иргэн Н.Энхбаярт ял шийтгэсэн тухай шүүхийн тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэслэвэл ... Иймд Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна" гэсэн хариу өгч байж. Тиймээс СЕХ 75 тоот тогтоолоо 2016 оны 5 дугаар сарын 31-нд гаргаж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж байжээ.
 
 
 
 
Тухайн үед ч өнөөдөр ч СЕХ-ны даргаар АН-ын угшилтай Ч.Содномцэрэн ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр АН-ын засаглал руу муухай ч харалгүй бууж өгч байлаа. Үүнээс харахад Н.Энхбаяр МАН-ын нэр хүндийг унагаж байвал "хүн"-ээр туг тахих, хөгшид хүүхдүүдээр бамбай хийж, шуугиулах нь юу ч биш болж. Түүнчлэн ард түмнийг төөрөгдүүлж, АН-тай нөхцөөд буйгаа ч нуухаа байсан нь нэгэнт ил болов. Тиймдээ ч мөнгөөр болон сохроор дагадаг бишрэгчдээ турхирсаар байгаа нь МУ-ын төлөө гэхээсээ илүү өөрийн шунал тачаалаар улс төрийн хонжоо гаргах атгаг санаагаа хэрэгжүүлэх оролдлого гэх хардлагыг төрүүлэх болов.  
 
Ж.Сондор