sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлал 5 сарын 12-15-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.
 
Ерөнхий сайдын хувиар анхны айлчлалаа эдийн  засгийн хүндрэлтэй үед хийж байгаагаараа энэ удаагийн айлчлал онцлогтой болсон төдийгүй ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах эгзэгтэй цагт давхцаж буй нь айлчлалын ач холбогдлыг нэмэгдүүлэв.
 
Айлчлалын хугацаанд Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Ши Жинпинд бараалхаж, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хэлэлцээ хийж, нийт 21 төрлийн хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурснаас гадна Бээжин хотноо болсон “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож үг хэлсэн юм.
 
 БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Хятадын тал Монгол Улсад тулгарч буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, тус улсаас олгосон нэг тэрбум ам.долларын зээлийг Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэв.
 
Түүнчлэн  БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирлоо. Мөн үеэр дуулгасан бас нэгэн сайн мэдээ нь  БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгохоос гадна  ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийлсэн явдал юм. Хятадын өдрийн сонинд “БНХАУ-ын дарга Ши Жинпин  Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авахдаа  боломжийг бүрэн дүүрэн ашиглах, “алхаагаа түргэсгэх”  хоёр орны харилцааны зөв замаас гарахгүй байхыг” онцолжээ.
 
Дээр дурдсанчилан, Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзахдаа, 21 төрлийн санамж бичиг, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар авч хэлэцсэн БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүр шинээр барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, мөн БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн тусгайлсан зээлийн хоёр чухал хэлэлцээрийг байгуулснаар төвийн эрчим хүчний хангамжийг сайжруулах гэх мэтчилэн бодлогын чанарын чухал баримт бичигт гарын үсэг зурснаар  тамир тэнхээгүй болсон эдийн засгийг түргэн сэргээж, ажлын байрыг бий болгож, иргэдийн орлого нэмэгдэх найдварыг төрүүллээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд олон жилийн турш гацаанд байсан асуудал урагшлах эхлэлийг тавьсан ганзага дүүрэн айлчлал байлаа гэж дүгнэж болохоор байна.  
 
Хаяа залган оршдог, Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хүчирхэг орны дэмжлэг туслалцааг хэрэгтэй үед нь оновчтой хувилбараар авах нь зүйтэй гэдгийг эдийн засагчид дүгнэж буй юм.
 
Б.Мөнхтуул
Эх сурвалж: Монцамэ агентлаг