sonin.mn
Монголчуудаас юу ч үлдээгүй юм шиг ярьдаг бичдэг хүмүүс энд тэнд цөөнгүй байдаг. Монголчуудаас зөвхөн "хэлтэрхий л” үлдсэн гэж үздэг хүмүүс ч бас бий.
 
Монголчууд эвдэж сүйтгэж, хөнөөхөөс өөр юм бүтээгээгүй гэж санадаг хүмүүс бас байдаг.
 
Монголчуудыг өрнө, дорно зүг рүү аян дайн хийж байх тэр цагт энэ дэлхий бас юутай байсан билээ? гэдгийг ч эргэцүүлэн бодууштай билээ.
 
Москва, Бээжин, Варшав, Берлин, Бухарест, Токио гэж нийслэлийн дайтай юм байлуу? Тэр тусмаа Нью-Йорк, Нью-Дели гэж юу байлаа?
 
Монголчуудыг өрнө дорно зүг рүү аян дайн хийж байхын цагт Версаль, Таж Махал, Эрмитаж, Сан Суси, Прадогийн ордонгууд байсан билүү?
 
Монголчууд дэлхийн талыг эзэлсэн том гүрнийг байгуулсан нь түүхэн үнэн боловч тэндээс юу ч зөөж авчраагүй гэхэд маргаж болох юм. Авчирсан юм байдаг бол тэр бүхэн хаашаа алга болсон бэ? Алт, мөнгө, эрднийн чулуу зөөсөн бол тэр хаана байна? Ядаж "Кохи Нор”-ын дайтай хэдэн ширхэг эрднийн чулуу байсангүй гэж үү? Байсансан бол өнөөдөр "Кохи нор”-оос дутахгүй шуугиан тарьж, домоглон яригдахгүй хав дараастай хэвтсээр гэж үү? Даанч тийм байсангүй дээ.
 
Монголчуудаас тэгээд юу нэхэх ёстой билээ? Эд хогшил уу? Тэр нь гурван голын маань хөндийд алга даа. Хүний амь уу? Монголчууд бусдыг ихэд түйвээсэн нь үнээн! Гэхдээ монголчууд бусдад түйвээгдэж цөөрс өн нь бас үнээн! Байлдан дагуулсан гэгдэж байгаа тэр л улс орон бүрийд монголчууд үлдэж хоцорсон. Тэд эхлээд түрэмгийлэгч маягаар харь газар сууж байсан. Тэгээд нэг их удалгүй харьд хүргэн нь болцгоосон. Дараа нь харь гүрний хүн олны далайд аажмаар живж орсон. Дорно зүгт Нанхиад, Солонгос, Япон, Индонез, Филиппин, Вьетнам, Бирм, Энэтхэг, баруун зүгт Иран, Туран, Мисир, Сири, өрнө зүгт Орос, Түрэг, Итали, Унгар, Болгар зэрэг орон газар болгонд монгол цэрэг ясаа тавьсан, монгол эрс хүргэнээр орсон, Монголын үрс цус холилдсон.
 
Тэд эргэж ирээгүй...! Тэдний насыг дунджаар бодвол одоо арван нэг дэх үе дээрээ яваа... Тэд танигдахааргүй болсон...
 
Гэвч Энэтхэгийн нийслэл Дели хотод монгол дүүрэг, Түвдийн нийслэл Лхас зууд Монгол камцаан, Афганистаны хойд хязгаарт монгол хот айлууд, Индонезийн Тэнгэр уулын хөндийд монгол муж өнөө хэр голомтын утаа тасраагүй байна.
 
Хяргас, Хасаг, Халимаг, Татар, Башгир, Урианхай, Сахалаар, Хори, Буриад, Хамниган, Нивх, Чукчи, Юкагир, Коми, Мари, Хархалбага, Үзбег, Түрэг, Сартуул, Хараацай, Цэцэн түмнээ элэг бөөрийн сүлбээгээр нь тоочвол хойд хөршид маань хол ойрын садан даанч олон билээ.
 
Харчин, Хорчин, Хатагин, Цахар, Түмэд, Торгууд, Өөлд, Уйгар түмнээ удам угсаагаар нь дуудваас өмнөд хөршид маань хол ойрын садан даанч олон билээ.
 
Манайхан тэнд үлдсэн юм... Малчин явснаа мартаж, төсөөрсөн хэдий ч Монголоос гарснаа яахин мартах билээ. Мартлаа ч гэсэн түүх гэдэг мөнхийн гэрч хэзээ л дуудахад үнэн зөв мэдүүлэг өгөх болно. Гагцхүү шүүгчийн ухаан л мэдэх хэрэг.
 
Дэлхийн тав шахам тэрбум хүнийг царай зүс, арьсны өнгөөр нь гурав хувааж хар, шар, цагаанаар нь дуудахад нэг хэсгийг нь монголжуу (монголоид) арьстан хэмээн шинжлэх ухаанд нэр томъёо тогтоосон нь учиртай. Дэлхийн гурван өнгөт их гэр бүлийн дотроо монголжуу арьстаны тоо нэгдүгээрт дараа нь хар буюу негржүү арьстан тэгээд цагаан арьстан орж байгаа билээ. Ийнхүү тооцоолон нэрлэх болсон нь ердөө сүүлийн хоёр мянган жилийн хоорон дахь хэрэг явдал. Харин хорин мянган жилээр цаашлуулаад дурандах юм бол монголжуу арьстан "Даяар Монголын ариун голомт” болсон Төв Азийн зулай дээрээс урагшаа хойшоо, баруун, зүүн тийшээ тархан нүүдэллэж өмнө зүг Мальдив, Индонезийг хүртэл баруун хойд зүг Скандинавыг хүртэл, зүүн хойт зүгт Берингийн хоолойгоор дамжин Аляска хүртэл их аяныг хийсэн ажгуу. Аляскаасаа урагшлан хойд урд Америк тивүүдийн эргийн дагуух нарийхан зурвас газрыг эзэгнэн айл буусан түүхийн сэжүүр одоо ч замхраагүй байна.
 
"Айл хүний амь нэг” гэдэг хуулиар хойд, өмнөд Америкийн инга нар одоо ч аж төрцгөөж байнам. Тэдэнд монголчуудаас юу байгаа юм бэ? гэж далаа хавчин гайхах хүн зөндөө.
 
-Тэдэнд монголчуудаас үлдсэн юм цөөнгүй бий. Наад зах нь л таван үг солиход Монгол үг цухалзаад эхэлнэ.
 
-"Айльо”, "Айл” гэж одоо ч тэрхүү инга хэмээх монгол овогтон хот айлаа нэрлэсээр буй.
 
-Хагаан буюу хаан гэдэг үгээрээ тэд эзэн дээдсээ нэрлэсэн хэвээр ажээ. Агуу их, хүчирхэг, ялгуусан, эрэлхэг шилдэг гэсэн утгыг агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ инга нар өргөмжлөн дээдэлдэг хэвээр.
 
-Манка Капак, Вайна Капак гэх мэтийн алдартай индейчүүдийн удирдагчдын нэрс түүхэнд үлджээ. Эртний Скандинавын түүхэнд ч Капак, Капа, Капи гэдэг өргөмжлөл үлджээ. Ийм цол монголчуудад хавт Хасараар дууссан мэт боловч Кагаан буюу Хаан хэмээх хувилбар нь өнөө ч хэрэглэгдсээр байна.
 
-Ауки гэж хааны бага хүүг юмуу хааны төрлийн гэрлээгүй насны багачуулыг нэрлэдэг нь индейчүүдийн хэлнээ одоо ч хэвээр. Яг тийм утгаар нь эртний исландчууд хэрэглэж, хүүхэд олох, ам бүл нэмэгдэхийг ч мөн тэгж хэлдэг байжээ. Монголчууд ноёны хүүг "агь”, "агь ноён” гэж хүндэтгэн нэрлэдэг нь "ауки” хэмээх эртний Кечуаомгийн индейчүүдийн үгтэй утга нэг байдаг ажээ. Энэчлэнгээр тоочоод байвал Америкийн индейчүүдтэй хэл амаа ойлголцоход их л дөхөмтэй мэт билээ. Хэл бол цустай адилхан үндэс угсааны мөнхийн үзүүлэлт байсаар ирсэн юм. Цусны бүлэглэл бусад шинж тэмдгээр аливаа хүний цусан төрлийн холбоог тогтоож болно. Тэрэн шиг хэл шинжлэлийн аргаар угсаатны (этнос) гарвалыг тогтоож болно. Үгээ гээж мартах юмуу өөрчилж таних аргагүй хувиргачихсан байлаа ч гэсэн авиагаа бүрмөсөн гээчихсэн угсаатан (этнос) дэлхий дээр үгүй байна. Авиа гаргах эрхтэнг уг үндсээр нь өөрчлөөгүй (тэгэх бололцоо байхгүй) цагт ямар ч угсаатан дуу авиагаараа танигдах билээ. Өөрөөр хэлбэл, хүний дуу хоолой нь гарын өндөгний хээ хуар шиг давтагдашгүй өвөрмөц шинж тэмдгийг агуулсан онцгой үзэгдэл юм. Цусны шинжилгээг нарийвчлан хийж чаддаг болсон шиг дууны өнгө, онцлогийг задлан ялгаж, ангилан тодорхойлох цаг мөдхөн ирэх болно. Тэгэхэд олон юм тод болно.
 
Монголчуудаас монгол үг хэллэг нь дэлхийн дөрвөн тивд л ямар ч гэсэн цөөнгүй үлджээ гэдгийг одоо баараггүй хэлж болно. Бөмб өрцгийн нөгөө бөөрөн дээрх хойд, өмнөд Америк тивийн индейчүүдийн хэл ярианаас дээр иш татсан хэдхэн үг бол хэдэн арав, зуугийн л хэдхэн нь юм. Европт төдий чинээ үг олох хэл бий болов уу даа гэж санаа зовох хэрэгцээ алга. Финлянд гэж Европын хойд булангийн томхон улсын үндсэн хэл нь монгол хэлний өвөг бүлэг болох фин-угорын ангид багтдаг болохоор нэг модны хоёр салаа мөчир л гэсэн үг. Наашлахаар мажаар хэл улмаар Болгар гээд садан төрөл улс орныг орхиод Герман хэлийг бага зэрэг мөшгөөд үзэхэд Монгол маягийн юм олдох нь уу, үгүй юү? Монголчуудын нэртэй холбоотой морь, нум сум мэтийн юмнаас гохдоод авч болно. Морь гэдэг үгийг германууд хэрхэн дуугардаг бол?
 
Эрт цагийн германчууд морийг "марах” гэдэг байжээ. Тэрэн шиг англичууд "меарх” гэж, исландчууд морийг "морр”, гүүг "мерр” гэдэг нь монголчуудын "морин” хэмээх үг яах аргагүй мөн ажээ. Оросууд "мерин” С.И.Ожеговын "Орос хэлний толь” бичгийн 11 дэх удаагийн хэвлэлийн 318 дугаар хуудаснаа "агтлагдсан азарга” гэсэн товч тайлбартайгаар байж л байна. Тэгэхээр баруун Европын улсуудад "морь” гэдэг монгол үг тэднийг уулгалан дайрсан XIII зууны үеийн монголчуудаас өмнө хэдийнэ "гэршчихсэн” байсан хэрэг болой. Гагц морь гэдэг үгээр зогссон бол өөр хэрэг. Харин "ажнай”, "луус”, хэмээх хувилбар нь хүртэл Энэтхэг-Европын өргөн дайдад нэгэн адил түгээмэл нэвтэрсэн нь дээрх таамаглалыг улам ч бататган өгч байгаа юм. Орос хэлэнд л гэхэд "луус” гэдэг үг "лощадь” болон нэвтэрснийг "Үгсийн нууц уурхай” номдоо зохиогч нэлээн хэдэн жилийн өмнө тайлбарласан билээ. "Хэдхэн хэсүүлчин үгээр юмны мөн чанарыг тодорхойлохгүй л дээ” гэж нухацтай эрдэмтэнд бодогдож болно. Гэтэл герман хүн өөрөө хаанаас гараад ирсэн юм бэ хэмээн бодоод үзэх шаардлагатай эртний германчуудын баатарлаг туульс нь яагаад монгол ардын баатарлаг туульстай адилхан зохион байгуулалттайгаар барахгүй шүлгийн жаяг нь ав адил буюу толгой холбох аргаар бүтсэн байж вэ? Толгой холбож шүлэглэхийг тэд хэнээс сурав? Эсвэл өөрсдөө зохиож олсон юмуу? Тэгсэн юм бол яагаад амархан гээж орхио вэ? Гёте, Шиллер түүнийг мэддэггүй байсан юм уу? Германчууд тэр "ололтоо” гээчихээд мянгаас цааш жил өнгөрсөн байхад монголчууд яагаад "толгой холбож” шүлэглэдэг хэвээрээ байгаа юм болоо? Яагаад жинхэнэ герман хүний цусыг шинжлэхэд аарийн цус гардаг эртний герман шүлгийг шинжихээр "Монголын шүлэг” гараад байдаг юм бол? Ийм асуултыг үй олноор нь тавьж болох боловч хариулт бэлэнгүй байгаа нь ойлгомжтой. Хариу олохын тулд монгол судлалын ухааныг гүнзгийрүүлж, монголч эрдэмтдийг өнгөц үзлээ гүнзгийрүүлж юмны мөн чанарт нэвтрэхийг чармайдаг болгох учиртай юм. Шинэ зууны монгол судлал ийм хандлага барих ёстой буйзаа!
 
Наран ургах зүгээс эхлээд наран шингэх газрыг хүртэл зүгээр л гүйлгэн ажихад сонин юм захаас аван, замаас үргэлж дайралддагийн ганцхан баримтыг энд дурдаад үзье.
 
-Нихон (Ниппон) гэж япончууд улсаа нэрлэдэг. Гэтэл нихон гэдэг нь "нуган” хэмээх монгол үг болохыг хуучны монгол сударт дурдсан нь юун учиртай билээ? Нуган үр гэж одоо ч ярьдаг. Нутаг нугынхан хэмээн хэлэлцдэг нь юуных вэ?
 
-Тамильчууд "Мантай”, Малаялам хэлнээ "mantai” гэж толгойгоо хэлдэг аж. Тэгтэл телугу хэлнээ "Маду” (madu), "Мандай” (mandai) гэхчилэн хэлдэг нь эцсийн дүнд Монголын "манлай”, "магнай” (тэргүүн) хэмээх үг байдаг нь ямар учиртайсан билээ? Мантайсан цагаан хүү гэхчилэн хар ярианд ч гардаг нь олон улсын чанартай үг юм уу? Бас Ловхын шар нуруу Дарьгангад бий. Тэндэхийн хүн чулуун хөшөөг Ловх гэдэг. Тэр нь тамилиар "Хүн” гэсэн үг ажээ.
 
-Оросууд "чугун” гэж хайлж цувьж буй улаан ширмийг хэлдэг. Гэтэл түргүүд "чойун” гэхээс гадна Кавказын бараг бүх хэл аялгуунд, тухайлбал мегрель хэлнээ "чувани”, чан хэлнээ "чувени”, гүрж хэлнээ "чойна”, сван хэлнээ "шуан”, перс хэлнээ "чудан” хэмээн тус нэрлэдэг нь утгаараа цөм ижил ажээ. Гэтэл монгол ардын баатарлаг туульсад "чон хүрэн морь” гэж одоогийн залууст ойлгогдохгүй нэг зүсмийн морь цөөнгүй гардаг. Хамгийн сайн хүлэг морийг "чон хүлэг” гэдэг. Тэр нь үнэндээ улайдмал улаан ширэм шиг өнгө зүстэйг хэлж буй үг юм. Яагаад бид "чон” хэмээх үгээ мартаж байхад Кавказ даяар огт мартаагүй байдаг хэрэг вэ?
 
-Европын боловсон зочид буудал бүрт өглөө үдшийн зоогонд "ягурт” гэж нэгэн төрлийн тараг заавал байдаг. Түүнийг яагаад ч монгол үг гэх аргагүй. Тэгсэн мөртлөө франц, испани юмуу герман үг биш гэдэг. Тэгэхнээ монгол үг ажээ. Ээж маань биднийг багад хярамны сүүг багадуулчихвал "чухар” хярам хийлээ гэж загнадаг сан. Яг тэр "чухар” гэдэг үг нь баруун тийш аялаж болгар нутагт хүрэхдээ "чугор” болсноо аажмаар "шогур” болж тэгээд удалгүй "ёгурт”, тэгснээ "ягуурт” болчихжээ. Аарцыг устай зуурч уухыг "зуурмаг” гэдэг ч байж. Ийнхүү "зуурмаг” маань "ягуурт” болчихсоныг мөшгөн олоход бас нэлээд ажил орох боловч тэр бүхний учрыг тайлаагүй хүнд "ягурт” бол монголоор "тараг” гэсэн үг гэвэл үнэмших болов уу даа?
 
-"Цыган” гэж өрнөдийн орнуудад бүлээрээ нүүдэллэн амьдардаг хэсэг бусаг хүмүүс буй. Тэд гагцхүү монголд л байдаггүй. Гэтэл тэд эрт балрын цагт Монгол нүүдэлчдээс салан одсон отог гэвэл одоо хэн үнэмших билээ! Гагцхүү эртний судар бичигт тэднийг "оорцог” хүмүүс гэж байсан нь маш бүдэгхэн үлджээ. Харин саяхан болтол "цыгийгаал” гэдэг эртний хараал баруун Монголд үе үе сонсогддог байлаа. "Цыган” гэдэгтэй тун төстэй сонсогдож буй "цыгийгаал” хэмээх эртний хараал нь "эцгийгээ ал!” гэсэн үг байжээ. Түүний сөрөг хараал нь "хийгээоох” гэж байжээ. Одоо тэгээд "цыгануудыг” ч монголчууд танихгүй, Монголд ч "цыганууд” байдаггүйн учрыг юу гэх вэ?
 
-Атаа Далхай гэж эртний судар бичигт гардаг. Тэр нь үнэн хэрэгтээ нар шингэх зүгийн их усан атлантын далайг хэлж байсан хэрэг буюу "атлантида” гэж нэг их том соёл иргэншил байсныг монголчууд мэддэг явсан юм болов уу?
 
-Ийнхүү наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл зэрвэс харахад л Монголын учир холбогдол их гүнзгий тунгалаг усны ёроолд чулуу шиг л эрээлжилж харагдах юм. Тэгэхээр монголчууд түүхээ хэр зэрэг мэдэж байна? Монголчуудын түүхийг гадаадынхан хэр зэрэг мэдэж байна. Иймэрхүү асуултууд хойно хойноосоо урган гарсаал байхад хариулахыг хүсэхгүй тэр л дүлий дүмбэр зангаараа шинэ зуунд, шинэ мянганы тоололд бид дэвшин орох юм уу? Хумхын ордны суух ирэх 2000 жилд монголчууд хорвоогийн тоосыг хөдөлгөх, үндэстнийхээ цог золбоог өргөх тухайд юу хийх ёстой вэ? Гуравхан үйлийн (идэх, унтах, өмсөх) эзэн байх уу? Гурамсан сэтгэлгээний (таних, шинжих, бясалгах) эзэд байх уу?
 
Перс хэлнээ Монголын 409 үг бий гэж эрдэмтэн Г.Дёрфер тоолсон билээ. Тэгвэл эртний өвөг хэл хэчнээн үгтэй байсан юм бэ? Долоон зуун үгтэй байсан гэдэг баримжаа бий. Эрт балрын хүмүүст мэдээлэл хомс, үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан болохоор одоогийнх шиг юм бүгдийг нэрлээд, хийдэггүй бүгдийг хийгээд байх ч хэрэгцээ ч байгаагүй болохоор мянга хүрэхгүй үгэнд эргэлдэж байсан нь үнэмшилтэй болно. Монгол хэлний өвөг нь мөн л тэр цар хэмжээнээс халиаг үй биз ээ. Тэр нь өвөг хэл (нострат параязык) судлагчдад ойлгомжтой болсон зүйл.
 
Монголчуудаас юу үлдсэн бэ? гэдэг асуултад өгөх нэгдүгээр хариулт бол "хэл”, "монгол хэл”, гэж сэтгэл хангалуун, бас баталгаатай хэлж болно.
 
(Хэл бол цусны нэгэн адил угсаатны гарвал зүйн үзүүлэлт мөн (язык как кровь всегда был показателем этноса)
 
"Манай Монгол” гэж яриваас эхлээд л хэл, "Өсөхөөс сурсан хэл-мартаж болшгүй соёл”, "Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн маань өв их эрдэнийн тухай ярих хэрэгтэй болно.
 
Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв