sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Хятадын “Су-30” загварын хоёр сөнөөгч онгоц өчигдөр АНУ-ын нисэх онгоцыг “мэргэжлийн бус”-аар саатуулсан гэж АНУ-ын арми мэдэгдлээ.
 
Хятадын хоёр нисэх онгоц их хурдтай, хоорондоо их ойрхон нисч байснаас гадна нисгэгчийн хийсэн маневрууд нь “мэргэжлийн бус” байсан гэж АНУ-ын арми тодорхойлсон байна.
 
АНУ-ын тандалтын нисэх онгоц Дорнод Хятадын тэнгисийн дээгүүрх олон улсын агаарын орон зайд цацраг идэвхт бодисын хэмжээг тогтоох даалгавартай явж байжээ.
 
Үүнээс өмнө Умард Солонгос цөмийн туршилт хийсэн гэх баримт нотолгоог илрүүлэхэд энэ нисэх онгоцыг ашиглаж байсан юм.
 
Байгалийн баялаг ихтэй олон улсын усан хилийн ойролцоо АНУ-ын нисэх онгоцууд эргэлдэж байна гэж Хятад улс Вашингтоныг урьд өмнө нь нэг бус удаа буруушаасны дараа хоёр улсын харилцаа хурцдаж байсан билээ.
 
АНУ-ын Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Лори Хож мэдэгдэл хийхдээ “энэ асуудлыг дипломат бөгөөд цэргийн шугамаар зохих ёсны дагуу шийдвэрлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна” гэв.
 
2016 оны тавдугаар сард Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байсан АНУ-ын цэргийн нисэх онгоцыг Хятадын хоёр сөнөөгч онгоц мөн дээрхтэй адилаар саатуулж байсан аж.
 
Тухайн үед Америкийн нисэх онгоц тус бүсэд хуваарийн дагуу эргүүл хийж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг