sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Насан өндөр болсны учир эзэн хааны суудлаа угсаа залгамжлах ханхүү Нарүхитод шилжүүлэн өгөх тухай Япон улсын эзэн хаан Акихитогийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн хуулийн төслийг Японы засгийн газар өнөөдөр парламентад өргөн барьсан байна.  
 
Хуулийн төслийг тухайн өдөртөө багтаан парламент хянан үзэж магадгүй аж.
 
Одоо мөрдөж буй хуулиар амьд сэрүүн байгаа эзэн хаан өөрийн суудлыг шилжүүлэн өгөхийг хориглодог. Харин өдгөө 83 настай эзэн хаан Акихито өнгөрсөн оны 8 дугаар сард хэлсэн үгэндээ, өөрийнх нь эрүүл мэндийн байдал муудаж байгааг дурдаад, эрх мэдлээ том хүүдээ шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.
 
Энэ нь 200 жилийн хугацаанд эзэн хаан анх удаа ийм шийдвэр гаргасан тохиолдол боллоо. 2018 оны сүүлчээр эзэн хаан Акихито хаан ширээгээ шилжүүлэн өгч магадгүй гэж Японы хэвлэлүүдэд мэдээлсэн байгаа юм.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг